Тэгш оролцоо, хамтдаа бүтээсэн амжилтууд

Нийслэлийн 50 дугаар сургуулийн хаалгаар ороход өөдөөс харсан том дэлгэцээр хүүхэд хамгаалалтай холбоотой видео, рийл, постерууд гарч байгаа нь содон харагдана. Эдгээр контентууд нь тус сургуульд хэрэгжиж буй Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн “Хүнлэг байя” нөлөөллийн аяны хүрээнд бүтээгдсэн юм. Бидний уулзсан нийгмийн ажилтан Б.Мөнхцэцэг төслийн ажлын хэсгийн анхны гишүүдийн нэг, сургагч багш, мөн сургуулийнхаа төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилладаг. Түүний хувьд нийгмийн ажилтнаар 15, харин 50 дугаар сургуульд дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа аж. Тэрээр төслийн хүрээнд гарсан ололт, амжилтаасаа хуваалцлаа.

Багш, ажилтнуудын хандлага өөрчлөгдлөө.

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн 50 дугаар сургуулийн ажлын хэсэг 10 гишүүнтэй. Гишүүд нь сургагч багш болсны дараа сургалтуудаа багш нар, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад тус тусад нь үе шаттай явуулжээ. Тэрээр “Сургалт, нөлөөллийн ажлын үр дүнд багш нар, ажилтнуудын хүүхэд хамгааллын талаарх хандлага өөрчлөгдсөн. Ажилтнууд надад хүүхэд хамгааллын ажил хамаагүй гэсэн ойлголттой байсан бол одоо бид ч хүүхэд хамгаалах үүрэг, оролцоотой юм байна хэмээн мэддэг болж, хандлагаа өөрчилсөн” гэж ярьж байна. Сургуулийн хүүхэд хамгааллын багийнхан сурсан мэдсэнээ хуваалцаж, богино хэмжээний видео бүтээж, сургуулийн цахим хаягаар тогтмол түгээдэг болжээ. Б.Мөнхцэцэг “Төслөөс цахим хурал, сургалт, уулзалтын зориулалттай иж бүрэн тоног төхөөрөмж өгсөн. Эдгээр төхөөрөмжүүд үйл ажиллагаа явуулахад их хэрэгцээтэй байлаа. Багш нараас гадна хүүхдүүд ч ашигладаг” хэмээн ярьж байлаа.

Нийслэлийн 50 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Мөнхцэцэг

Урилгатай сургалт эцэг, эхчүүдэд нөлөөллөө

Хотын амьдралын хэмнэлд эцэг, эхчүүд завгүй байх нь олонтаа. “Сайн эцэг эх” сургалт хоёр өдөр буюу 16 цаг үргэлжилдэг. Тиймээс анхны сургалтын өмнө эцэг, эх, асран хамгаалагчдын албан байгууллага руу хүүхдийн сайн сайхны төлөө хамтарч ажиллана уу гэсэн утга бүхий захидал явуулж, чөлөө хүсжээ. Энэ нь ч үр дүнтэй болж, 56 эцэг эх асран хамгаалагчид сургалтаа бүрэн дүүргэв. Үүнээс хойш сургалтын үйл ажиллагаа жигдэрч, оролцоо ч нэмэгдсэн байна. Эхний удаа оролцогчдын ихэнх нь ээжүүд байсан бол дараа дараагийн сургалтад аавуудын тоо нэмэгджээ. Улмаар  тухайн жилдээ 800 гаруй эцэг эхийг хамруулан амжилттай ажиллажээ. Сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн идэвх оролцоо нэмэгдэж, тэд хамтдаа хоёр удаа төсөл бичиж, хэрэгжүүлсэн байна. Энэ жил эцэг, эхчүүд хоёр дахь төслөө амжилттай хэрэгжүүлж, нөлөөллийн ажлаа 500 эцэг эхэд хүргэжээ. Мөн эцэг эхийн зөвлөлөөс хамтран ажиллах жилийн төлөвлөгөө гаргаж, тогтмол уулзалт хийж, хамтран ажиллах болжээ.

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн 50 дугаар сургуулийн ажлын хэсгийн гишүүд

Мэдлэгээ түгээж, бусадтай хуваалцлаа

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөлд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан баг хамрагдаж байна. Тиймээс төсөлд хамрагдаагүй нийслэлийн 39 дүгээр сургуулийн 40 эцэг эх, асран хамгаалагчид “Сайн эцэг эх” сургалтаа явуулж, мэдлэгээ хуваалцаж, түгээн дэлгэрүүлсэн байна. Уг сургалтад оролцсон хүмүүс ч их таатай хүлээн авч, “Их хэрэгцээтэй сургалт байна. Дахин явуулж өгөөч” гэж хүсэлтээ гаргаж байв. Түүнчлэн Нийслэлийн боловсролын газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын газраас тус сургуулийн хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаатай танилцсан аж. 50 дугаар сургууль өнгөрсөн 5 дугаар сарын 2-нд 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааны “Бид хамтдаа” хаалтын арга хэмжээгээ “Хайрхан хөгжлийн төв”-д зохиож, танхимын бус сургалтын 10 өртөө байгуулжээ. Эдгээр өртөөний нэгээр “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн ажлын хэсгийнхэн үйл ажиллагаагаа танилцуулсан байна. Эцэг эхчүүд тэдний өртөөгөөр олноороо зочилж, төслийн үр дүн, хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, санал боддоо солилцсон байна.

Сурагчдаа идэвхжүүлж, оролцоог нэмэгдүүллээ

Нийслэлийн 50 дугаар сургууль 2668 сурагчтай. “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд 125 хүүхэд үе тэнгийн сургагч болжээ. Хүүхдүүдийг өөрсдийнх нь саналаар сонгосон бөгөөд 9-11 дүгээр ангийнхан байдаг аж.  Энэ хүүхдүүд бусад хүүхдүүдэд “Би найзаа дэмжинэ” сургалтаа явуулж, сургуулийнхаа бүх хүүхдэд хүргэсэн байна. Б.Мөнхцэцэг “Хүүхэд хүүхдүүддээ заахад их сайн сурдаг. Хүүхдүүд чөлөөтэй, нээлттэй байж чаддаг. Тэдний оролцоонд тулгуурласнаар үр дүн их гарлаа.  Мэдээж чиглүүлэгч багш сургалтын үеэр хамт байж, арга зүйгээр дэмжиж, зарим үед зөвлөж, тусалдаг” хэмээн тайлбарлав. Төсөл хэрэгжсэнээр хүүхдүүдийн идэвх оролцоо нэмэгдэж, зорилго, чиглэлтэй болжээ. Үүний нэг жишээ бол хүүхдүүд сайн дураараа нэгдэн, сургууль дээрээ 10 клуб байгуулжээ. Үе тэнгийн сургагчдаас 10 нь нэгдэн баг болж, сэтгэл зүйн анхны тусламжийн хөлөгт тоглоомын төсөл хэрэгжүүлсэн байна. (Сурагчдын хэрэгжүүлсэн төслийн тухай өгүүллийг удахгүй хүргэх болно)

Ийнхүү “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл нийслэлийн 50 дугаар сургууль дээр амжилттай хэрэгжиж байна. Энэхүү амжилтад нийгмийн ажилтан Б.Мөнхцэцэгийн идэвх санаачилга, оролцоо их. Сургууль сурагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч гэсэн гурван бүрэлдэхүүнээс бүтдэг. Бүгдээрээ хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх дээр нэгдэх ёстой. Нийслэлийн 50 дугаар сургуулийнхан эдгээр бүлгүүдээ төсөлд тэгш оролцуулж, тэгш хамруулж, үр дүн ч гарч байна.