Сурагчдын бүтээсэн мэдлэг сорих хөлөгт тоглоом
Хүүхдийг Ивээх Сан “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан багт хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд зорилтот сургуулийн эцэг, эхчүүд, сурагчид хүүхэд хамгааллын чиглэлээр сурсан, мэдсэнээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгох зорилгоор шалгаруулалт хийж, бичил төслийн санхүүжилт олгосон юм.
Тэгвэл энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн сурагчид өвөрмөц бөгөөд сонирхолтой нэгэн төсөл хэрэгжүүлж, гарсан үр дүнгээ хуваалцаж байна. Тус сургуульд хэрэгжиж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөр үе тэнгийн сургагч болсон хүүхдүүдээс 8-11 дүгээр ангийн 10 сурагч баг болж, санхүүжилт авчээ. “Эверестийн оргилд нисэж буй болжморууд” багийн гишүүн нийслэлийн 50 дугаар сургуулийн 10в ангийн сурагч У.Төгөлдөр “Сэтгэл зүйн анхны тусламжийн мэдлэгээ түгээх, хуваалцахад илүү үр дүн гарна. Бас шинэлэг, сонирхолтой, хүүхэд бүрд хүрэх болов уу гэж энэхүү хөлөгт тоглоомоо бүтээсэн. Асуултуудаа бэлтгэхэд “Би найзаа дэмжинэ” гарын авлага их хэрэг болсон” хэмээн ярилаа.
Хөлөгт тоглоом нь нийт 40 буудалтай. Шоогоо ээлжээр хаяж, нүдний тоогоор нүүнэ. Зарим буудал нь алгасах, зарим буудалд сэтгэл зүйн анхны тусламжийн талаарх асуултад хариулснаар тоглоомоо үргэлжлүүлж, хамгийн эхэнд “Эверестийн оргилд гарсан” нь ялалт байгуулна. Багийн гишүүн 10б ангийн сурагч Т.Анужин төслийн санаагаа хэрхэн олсон талаараа “Анх сургалтад хамрагдаж байхдаа сэтгэл зүйн анхны тусламжийг хэрхэн түгээх вэ гэж ярилцаад энэ санаагаа олж байлаа. Дараа нь шийдэл гаргаж, чиглүүлсэн багш нараас зөвлөгөө авч, төслөө бичсэн. Тоглоомын дүрэм энгийн, ойлгомжтой, сэтгэхүй хөгжүүлэх, мэдлэгээ сорих боломжтой. Гол нь хүүхдүүд сэтгэл зүйн анхны тусламж сургалтад хамрагдан мэдээлэл авах нь чухал. Мөн бид зорилгоо биелүүлж, төслийн санхүүжилт авч, амжилттай хэрэгжүүлж байгаадаа өөрсдөөрөө бахархах сэтгэл төрсөн” хэмээн танилцуулав.
Уг төслийн санаачлан бичихэд 50 дугаар сургуулийн сэтгэл зүйч Н.Даваажаргал, дизайн технологийн багш Г.Энхчимэг нар чиглүүлэгчээр ажиллажээ. Сурагчид хөлгийн суурины загвараа өөрсдөө гаргаж, зөвлөж ярилцаад материалаа бэлтгэн, хөлгөө өөрсдөө хуванцараар цутгаж хийсэн байна. Тэд өөрсдийн багаа загвар гаргах, бүтээх, таниулах гэсэн гурван хэсэг болгож, ажил үүргийн хуваарилалт хийсэн аж. Энэ тухайгаа “Бүгдээрээ нэг зүйл дээр төвлөрөөд байвал үр дүн муутай болно. Төлөвлөлт чухал” хэмээн У.Төгөлдөр тайлбарлаж байлаа. “Эверестийн оргилд нисэж буй болжморууд” багийнхан нийт 24 ширхэг хөлөгт тоглоом хийсэн бөгөөд тоглох явцад эвдэрч гэмтэхээргүй бат бөх болсон гэж байв. Өнөөдөр хүүхдүүд тоглоомоо тоглож, мэдлэгээ сорьж, хоорондоо өрсөлдөж, шинээр сурч мэдэж байгаа аж.
Т.Анужин “Манай багийнхан төслийн мөнгөө үр дүнтэй, бүтээлчээр зарцуулсан гэж бодож байна. Хөлөгт тоглоомоо бүтээх явцад сайжруулах санаа гарч байсан. Биднийг аав, ээжүүд маань бусдад тусалж байгаа болохоор бүх талаар дэмжиж байлаа. Энэ тоглоомоор зөвхөн хүүхдүүд биш томчууд ч тоглох боломжтой. Хүмүүсийн сэтгэл зүйн анхны тусламжийн талаарх мэдлэг тийм ч сайн биш” гэж тодруулсан юм. Үе тэнгийн сургагч хүүхдүүд бусад сурагчдадаа “Би найзаа дэмжинэ” сургалтаа явуулж, сургуулийнхаа бүх хүүхдэд хүргэсэн байна. Нийслэлийн 50 дугаар сургууль 2668 сурагчтай. “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд 125 хүүхэд үе тэнгийн сургагч болжээ. Хүүхдүүдийг өөрсдийнх нь саналаар сонгосон бөгөөд 9-11 дүгээр ангийнхан байдаг аж. Төсөл хэрэгжсэнээр хүүхдүүдийн идэвх оролцоо нэмэгдэж, зорилго, чиглэлтэй болжээ. Үүний нэг жишээ бол хүүхдүүд сайн дураараа нэгдэн, сургууль дээрээ 10 клуб байгуулсан явдал байлаа.
У.Төгөлдөр “Би өөрийн сонирхлоор хичээлээ зохицуулаад сургалтад хамрагдаад үе тэнгийн сургагч болсон. Ангийнхан маань хүлээн зөвшөөрдөг. Хүүхдүүдэд сургалтаа явуулж байхдаа сэтгэл зүйн анхны тусламжийн мэдлэгийг бүх насны хүмүүст хүргэх санаа бидэнд төрсөн. Энэ ч биелэлээ олж, төслийн санаагаа бодит болгож чадлаа” гэсэн юм.
Үе тэнгийн сургагчид “Би найзаа дэмжинэ” сургалт явуулж эхлэх үед хүүхдүүдийн сэтгэл зүйн анхны тусламжийн талаарх мэдлэг сайнгүй байлаа. Сургалтын дараа хүүхдүүд найз нөхөд, үе тэнгийнхнийхээ сэтгэлийн зовуурийн шинж тэмдгийг таних, тэднийг анхааралтай сонсож, тайвшруулах, сэтгэлийн зовуурь, хэрэгцээг нь таньж ойлгох,харах сонсох холбох зарчмын дагуу шаардлагатай үйлчилгээгээ авахад нь холбон зуучлах чадваруудтай болдог.
Нийслэлийн 50 дугаар сургуулийн сурагчдын “Эверестийн оргилд нисэж буй болжморууд” багийнхан ийнхүү хөлөгт тоглоомоор хүүхдүүдийн мэдлэг оюуныг тэлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ цахим хэрэглээнээс татгалзуулж, эрүүл мэндийг нь ч хамгаалж байна.