“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд Налайх дүүрэгт иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулав
Хүүхдийг Ивээх Сан “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийнхөө хүрээнд Налайх дүүрэгт санаачилгаараа нэгдсэн байгаль орчин хамгаалах иргэдийн бүлгүүдийг байгуулж, тэдгээрийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Энэ хүрээнд Налайх дүүргийн 40 иргэн хамрагдсан бөгөөд 6 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд: Уур амьсгалын өөрчлөлт ба экологийн ул мөр, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон амьжиргаагаа сайжруулах боломжууд, Мод, жимс тарих тухай, Байгальд ээлтэй санхүүгийн боловсрол болон Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад бидний хийж чадах энгийн алхам зэрэг сэдвийн хүрээнд нийт 4 цагийн сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн төслийн ажилтан Д.Доржханд, Нийслэлийн Налайх дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн багш З.Баасансүрэн, Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургуулийн багш Д.Мөнхнаст нар удирдан явууллаа.
Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Б.Өлзийцэцэг “Сургалт маш сонирхолтой байлаа.Олон айл хашаандаа мод тарих эрмэлзэлтэй болсон. Гэхдээ тухайн газрынхаа онцлогт тохирсон хэрэгцээтэй мод сонгож тарих нь чухал гэж ойлголоо” хэмээн ярилаа.
Харин Налайн дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч М.Тэмүүлэнгийн хувьд, “Сургалт үр өгөөжтэй байлаа. Дүүргийн бүх оршин суугчдадаа энэ талын мэдээллийг хүргэвэл энэ ажил илүү үр дүнтэй байх аа. Би эндээс авсан мэдлэгээ гэр бүл, ойр дотныхондоо түгээх болно” гэлээ.
“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд, Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 5 га талбайд 90 мянга гаруй мод тарихыг зорин ажиллаж байна.
Нийслэлийн Налайх дүүрэгт 2024 оны 8 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд тус дүүргийн 50 иргэнийг уур амьсгалын өөрчлөлтийн сургагч багшаар бэлтгэжээ. Эдгээр сургагч багш нар олон нийт, хүүхэд багачуудад чиглэсэн цуврал сургалтууд зохион байгуулж байна. Түүнчлэн Налайх дүүргийн Хот тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтэс, Ахмадын хороотой хамтран 250 иргэн, ерөнхий боловсролын сургуулийн 190 гаруй сурагчийг сургалтад хамруулсан юм. Энэ оны эцэс гэхэд 1500 орчим хүнийг сургалтад хамруулахаар төлөвлөжээ. “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслөөр Налайх дүүргийн сургуулиудад эко клубүүд байгуулж, үйл ажиллагааг нь дэмжин ажилаж байна. Тэдгээр эко клубийн сурагчдын санаачилгаар экологийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг түгээх зорилготой бичил төслийг 6 сургуульд түшиглэн хэрэгжүүлэх юм.
“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл нь Налайх дүүрэгт ойн төгөл байгуулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Налайх дүүргийн сургууль, коллеж, МСҮТ-үүдийн суралцагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, мөн дүүргийн иргэдэд мод тарих чиглэлээр мэдлэг олгох юм.