Хүүхэд хамгаалал, боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов
Хүүхдийг Ивээх Сангийн төлөөллүүд Монголын Хөрөнгийн биржийнхэнтэй 2025 оны 9 дүгээр сарын 10-нд уулзаж, хүүхэд хамгаалал, боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар саналаа солилцов. Уулзалтад Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрийн ажилтан Э.Оюунмаа, “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн ажилтан Г.Цолмон нар оролцож, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлж болох хүүхэд хамгааллын төсөл, “Сайн эцэг эх- эерэг хүмүүжлийн аргачлал”-ын сургалт, өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар болон энтрепренершип боловсрол олгох төсөл, мөн боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын судалгаагаа танилцуулсан юм. Монголын Хөрөнгийн биржээс захирлын үүрэг гүйцэтгэгч болон бусад удирдлагууд оролцож, хоёр байгууллагын хамтын ажиллагааны боломжийг ярилцлаа. Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн боловсрол, тэр дундаа чанартай боловсрол нь улс орны ирээдүйн хөгжил, нийгэм, эдийн засагт хамгийн үр нөлөөтэй хөшүүрэг болохыг дурдав. Мөн хүүхдүүдэд бага наснаас нь санхүүгийн боловсрол, хадгаламжийн мэдлэг олгохын чухлыг онцоллоо.
Хүүхдийн төлөөх ажил үйлсээрээ тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид Хүүхдийг Ивээх Сан дэлхийд 1919 оноос, Монголд 1994 оноос үйл ажиллагаа явуулж байна. Монгол дахь хөтөлбөр нь 1994-2009 онд Их Британийн Хүүхдийг Ивээх Сан, 2009 оноос хойш Японы Хүүхдийг Ивээх Сангийн удирдлагад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, боловсрол, хүүхдийн ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.