Бүсийн сумдын иргэдэд эмчилгээ үйлчилгээ хүргэсэн шүдний кабинет
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр 2022 оноос Говь-Алтай аймгийн Чандмань суманд, 2025 оноос Завхан аймгийн Түдэвтэй суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон ажилтнууд, “Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийн нар 2025 оны 9 дүгээр сарын 2-5-нд Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллаж, төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцав.
Хүүхдийг Ивээх Сантай амжилттай хамтран ажиллаж байна
Төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч багийнхан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Рэнчинванжил, Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд нарын зэрэг хүмүүстэй Улиастай хотод уулзаж, эрүүл мэндийн төслийн үр дүнгийн талаар ярилцлаа. Хүүхдийг Ивээх Сан “Денан төсөл”-ийн санхүүжилтээр Завхан аймгийн Түдэвтэй суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тамгын газрын дарга Т.Рэнчинванжил аймаг орон нутгийнхаа онцлогийг танилцуулж, “Хүүхдийг Ивээх Сантай Завхан аймаг зургаан жил гаруй хамтран ажиллаж, олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Түдэвтэй сум бол хойд бүсийн төв нь. Энд шүдний кабинет байгуулж өгсөнд талархалтай байгаа. Шүдний кабинеттай болсноор хойд бүсийн сумдын малчид, иргэд, хүүхдүүд тусламж үйлчилгээ авах боломж бүрдсэн” хэмээн ярилаа. Аймгийн Эрүүл мэндийн газраас Түдэвтэй сумын эмнэлэгт бүрэн засвар хийхийн зэрэгцээ, хүний нөөцийг бэхжүүлэх, сургах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж байгаа аж. Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд “Хүүхдийн эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулж байгаад талархаж байна. Аймгийн хэмжээнд есөн шүдний кабинет улсын эмнэлэгт байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг болон Алдархаан, Их-Уул, Шилүүстэй, Түдэвтэй, Тэлмэн, Сонгино гэсэн зургаан суманд шүдний кабинет ажиллаж байна. Баянхайрхан суманд шүдний кабинет байгуулсан, удахгүй ажиллаж эхэлнэ. Цаашид бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд говийн бүсэд Завханмандал, урд бүсэд Отгон суманд шүдний кабинет шинээр байгуулахаар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, хүний нөөцийг нь бэлдэж байгаа” гэж танилцуулав. Аймгийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн хугацаанд амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр олон нөлөөллийн ажил хийжээ. Тухайлбал, Улиастай сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн 200 сурагчдын дунд “Шүд угаалтын аварга“ шалгаруулах тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдаж, амжилттай оролцсон гурван баг, жигд хувцаслалттай нэг баг, шилдгийн шилдэг хоёр сурагч шалгаруулан шагнаж, түрүүлсэн багт шилжин явах цом болон оролцсон бүх сурагчдад гарын бэлэг өгсөн байна. Төслийн зохицуулагч Шин Жийн “Өнгөрсөн 2024 онд бид Завхан аймагт ажиллаж байхдаа Түдэвтэй сумын эмнэлэг шүдний кабинетгүй байсан учраас тэнд шинээр нээсэн байгаа. Миний хувьд өнөөдөр Түдэвтэй суманд шүдний кабинет нээгдээд ямар үр дүн гарсаныг харах юм. Мөн цаашид ямар хэрэгцээ шаардлага байгааг сонсох хүсэлтэй байна” гэлээ.
Түдэвтэйгээс гадна тойргийн сумын иргэд тусламж үйлчилгээ авч байна
“Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийн болон Хүүхдийг Ивээх Сангийн ажилнууд, Завхан аймгийн Түдэвтэй суманд ирж, Засаг дарга Х.Саруул-Эрдэнэ болон Эрүүл мэндийн төвийн дарга Н.Өлзийжаргал нартай Засаг даргын тамгийн газрын байранд уулзлаа. Түдэвтэй нь аймгийн төвөөсөө 250 км зайтай байрладаг, 1800 орчим хүн амтай, зундаа халуун, өвөлдөө хүйтэн эрс тэс уур амьсгалтай сум аж. “Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийн тус суманд хэрэгжүүлж буй эрүүл мэндийн төслийнхөө талаар танилцуулж, “Архангай аймгийн Тариат, Эрдэнэмандал суманд төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Говь-Алтай аймгийн Чандмань суманд гурван жилийн өмнөөс эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжиж байгаа учраас Түдэвтэй суманд эхэлж, өргөжүүлсэн юм. Хоёр дахь удаагаа Түдэвтэй суманд ирж байна” хэмээн ярилаа. Засаг дарга Х.Саруул-Эрдэнэ “Энэ төсөл хэрэгжиснээр сумын иргэдээс гадна тойргийн Асгат, Сонгино, Баянтэс, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Сантмаргац, Цэцэн-Уул зэрэг есөн сумын иргэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдсэн. Үнэхээр цагаа олсон, хэрэгтэй төсөл болж байгаад талархаж байна. Эмнэлгийн хувьд шүдний эмчээс гадна мэргэжлийн техникч, сувилагч хэрэгтэй байгаа” хэмээн ярилаа.
Сумын иргэдийн дунд шүдээ зөв угаах аян зохион байгуулжээ
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр Завхан аймгийн Түдэвтэй суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж, 2025 оны 4 дүгээр сард иж бүрэн шинэ шүдний кабинет хүлээлгэн өгсөн билээ. Сумын эмнэлгийнхэн төслийн багийнханд шүдний кабинетийн үйл ажиллагаагаа танилцуулав. Өнөөдөр тус кабинетаар шүдний ёзоор, шүд цоорол, сувгийн эмчилгээ, түрхлэг зэрэг шүдний эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд 700 гаруй хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө өгчээ. Сумын эмнэлгээс 2025 оны 4 дүгээр сарын 11-нээс нэг сарын хугацаатай “24/3 шүдээ зөв угаа-2025” аян зохион байгуулсан байна. Шүдний эмч Д.Гандиймаа “Бид энэ аянаар хүүхдүүдэд шүдний урьдчилан сэргийлэх үзлэг хийхийн зэрэгцээ иргэдэд зөвлөгөө өгсөн байгаа. Мөн иргэдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, зөв угаах дадал хэвшүүлэх талаар мэдээлэл сурталчилгааны материал тараасан” хэмээн танилцуулав. Энэ үеэр шүдний кабинетаар үйлчлүүлж байсан долдугаар ангийн сурагч Д.Номуун-Эрдэнэтэй уулзлаа. Тэрээр “Би өмнө нь хоёр шүдээ ломбодуулсан. Өнөөдөр ирж, ломбоо шалгуулаад өөр ямар эмчилгээ хийлгэх эсэхийг харна гэсэн. Сумын эмнэлгээс сурагчдад шүдний эрүүл мэндийн талаар сургалт байнга явуулдаг” хэмээн ярилаа.
“Денан төсөл”-өөр сумын эрүүл мэндийн төвүүдэд шүдний кабинет байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа авахад дэмжлэг үзүүлэх, эмч, ажилтнуудыг сургаж, чадавхжуулахын зэрэгцээ сурагчдын дунд эрүүл мэндийн клуб байгуулан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг билээ. Хүүхдийг Ивээх Сангийнхан болон “Денан” төслийнхөн сумын ерөнхий боловсролын сургууль дээр очиж, эрүүл мэндийн клубын сурагчидтай уулзлаа. Сурагчид төслийн санхүүжүүлэгчдэд клубийнхээ цаашдын зорилго, хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулсан юм. Клубын ахлагч 12б ангийн сурагч Г.Буяндэлгэр “Би эмчийн мэргэжлээр суралцах сонирхолтой. Химийн хичээлдээ дуртай. Өнөөдөр сурагчдад амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг бага байгаа. Тиймээс энэ талын сургалтууд явуулах шаардлагатай” гэж сэтгэгдлээ хуваалцав.
Ийнхүү эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгчдийн Говь-Алтай, Завхан аймгуудад хийсэн ажлын аялал амжилттай өндөрлөв. Энэ үеэр АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийнтэй эрүүл мэндийн төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцсан юм. Уг ярилцлагыг удахгүй хүргэх болно.