“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбайд ЕБС-ийн сурагчид, иргэдийн оролцоотойгоор 818 мод тарилаа

Хүүхдийг Ивээх Сангийн ажилчид “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн намрын тариалалтын нээлтийг хийлээ

“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбайд намрын тариалалтын ажил эрчимтэй өрнөж байна. Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон 2025 оны 9 дүгээр сарын 19-нд  төслийн талбайд намрын тариалалтын нээлтийг хийж, 100 ширхэг голт бор тарилаа. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай талбайн үйл ажиллагаатай танилцах үеэрээ, “Талбайн цахилгаан хангамж, гүний худгийг шийдвэрлэж төслийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдсэнд баяртай байгаагаа илэрхийлж, намрын тариалалтад амжилт хүссэн юм.

Төслийн хүрээнд 5 га талбайд 5,000 гаруй мод тарихаар зорьж байгаа бөгөөд өнгөрсөн хавар 1,700 орчим мод тарьсан нь одоогоор 80 гаруй хувийн ургалттай байна. Хүүхдийг Ивээх Сангийн ажилтан П. Номингэрэл: “Би хүн төрөлхтөнийг байгаль дэлхийд ирсэн зочид гэж боддог. Айлд ирсэн зочин хогоо хаяж, зүй зохисгүй харьцдаггүй шүү дээ. Үүнтэй адил бид ч байгаль дэлхийгээ бохирдуулалгүй, соёлтой харьцах ёстой. Тиймээс мод тарих, байгальдаа ээлтэй үйлдэл хийх нь маш чухал” хэмээн хэлсэн юм. Хүүхдийг Ивээх Сангийн ажилчид энэ өдөр ирээдүй хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлж, мод тарихыг уриалсан юм.

ЕБС-ийн сурагчид намрын тариалалтын ажилд идэвхтэй оролцож байна

Мөн 9 дүгээр сарын 19-ний өдөр нийслэлийн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн Б. Должинсүрэн багштай 81 дүгээр ангийн сурагчид 50 голт бор, 3 шинэс тарьсан юм. Сурагч Г. Даваадондүв: “Манайх хашаандаа мод тарьдаг. Би аав ээждээ тусалж, мод тарьж байсан. Мод тарьснаар агаарыг цэвэршүүлж, бид цэвэр агаараар амьсгалах нөхцөл бүрдэнэ. Бүгдээрээ нэг нэг мод тариад бохир агаараа цэвэр болгоод гоё амьдарцгаая” гэж үе тэнгийнхэндээ уриаллаа. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн 35 дугаар сургуулийн н. Ганцэцэг багштай 9д анги болон Б. Тодбаяр багштай 12б ангийн сурагчид тус бүр 200 хайлаас тарьсан байна.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өндөр хүчдэл, ашиглалт засварын төвийн хамт олон 265 мод тарилаа

 Мөн ням гарагт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Өндөр хүчдэл, ашиглалт засварын төвийн хамт олон 50 голт бор, 35 улиас, 40 хайлаас, 10 нарс, 130 шар хуайс буюу нийтдээ 265 мод тарьж, ойн төгөл бүтээх үйлсэд хувь нэмрээ орууллаа. Тэд иргэдийг ирээдүйнхээ төлөө мод тарьж, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрахыг уриалсан юм.

Төслийн талбайн намрын тариалалтын ажил эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар (2025.09.22) нийтдээ 818 мод тарьсан байна. Үүнд 200 голт бор, 440 хайлаас, 35 улиас, 10 нарс, 130 шар хуайс болон 3 шинэс мод багтаж байна. Энэ намар Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдийн оролцоотойгоор 2000 гаруй мод тарих юм.

“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл нь Налайх дүүрэгт ойн төгөл байгуулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.  Мөн Налайх дүүргийн сургууль, коллеж, МСҮТ-үүдийн суралцагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн иргэдэд мод тарих чиглэлээр мэдлэг олгох юм.

Төслийн хүрээнд Налайх дүүргийн 50 иргэнийг уур амьсгалын өөрчлөлтийн сургагч багшаар бэлтгэсэн. Эдгээр сургагч багш нар олон нийт, хүүхэд багачуудад чиглэсэн цуврал сургалтыг зохион байгуулж байна. Түүнчлэн Налайх дүүргийн Хот тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтэс, Ахмадын хороотой хамтран 250 иргэн, ерөнхий боловсролын сургуулийн 190 гаруй сурагчийг сургалтад хамруулсан юм. Энэ оны эцэс гэхэд 1500 орчим хүнийг сургалтад хамруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслөөр Налайх дүүргийн сургуулиудад эко клубүүд байгуулж, үйл ажиллагааг нь дэмжин ажилаж байна. Тэдгээр эко клубийн сурагчдын санаачилгаар экологийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг түгээх зорилготой бичил төслийг 6 сургуульд түшиглэн хэрэгжүүлэх юм.