“Монголын бага насны хүүхдийн хөгжлийн сүлжээ” байгууллагын ээлжит уулзалт болов

Эгнээндээ 30 гаруй гишүүн байгууллагыг нэгтгэсэн “Монголын бага насны хүүхдийн хөгжлийн сүлжээ” нь 2022 онд байгуулагдсан бөгөөд хойш салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжих, мэдлэг, туршлагаа харилцан солилцох, шинэ санаачилга, түншлэлийг бий болгох зорилготой үндэсний байгууллага юм. Энэхүү сүлжээ байгууллагын улирал тутмын ээлжит уулзалтыг Хүүхдийг Ивээх Сан 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав. Тус уулзалтаар “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь”  төслийн Сонгинохайрхан дүүргийн зорилтот 117 дугаар цэцэрлэг, “Ээлтэй” Өрхийн эрүүл мэндийн төв дээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр төслийн зохицуулагч Ч.Пүрэв-Очир, 117-р цэцэрлэгийн эрхлэгч П.Амаржаргал нар өөрийн байгууллага болон төслийн үр дүнтэй танилцуулж, оролцогчдын тавьсан асуултад хариулж ярилцлаа. Ярилцлагын дараа  тус төслөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурч хөгжихөд зориулан байгуулсан “Хүүхдийн хөгжлийн дэмжих танхим”-тай танилцлаа. Мөн ердийн хүүхдүүдтэй хамт суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анги танхимаар зочилж, багш нарын хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж буй арга зүйг ажиглаж тэдэнтэй ярилцсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Нямшүр болон бусад эмч ажилтнууд байгууллагынхаа талаар болон төслийн үр дүнгийн талаар танилцуулав. Төслийн хүрээнд зохион байгуулсан бага насны хүүхдийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалтуудад тус төвийн эмч, ажилтнуудын суралцаж эзэмшсэн арга зүй,  хүүхдийн өсөлт хөгжлийн үнэлгээ, эрүүл мэндийн үзлэг хийх өрөөг тохижуулсан, 9, 18, 36 сартай хүүхдийн үзлэг, тэдэнд үзүүлж буй үйлчилгээг чанаржуулж байгаа зэрэг сайн туршлагаасаа хуваалцлаа.

Энэхүү уулзалтад сүлжээний гишүүн байгууллагууд болох НҮБ-ын Хүүхдийн сан, Лоринет сан, Азийн сан, Дэлхийн зөн ОУБ, Гоод Нэйборс, OneSky, БСҮХ, Энэрлийн түүчээ ТББ зэрэг байгууллагуудын 20 гаруй  төлөөлөл оролцлоо. Оролцогчид энэхүү уулзалтыг зохион байгуулж, төслийн үр дүн, туршлагаасаа хуваалцсан Хүүхдийн Ивээх Сангийн “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн багт талархал илэрхийлэв.