Салбар комиссын гишүүдийн чадавх дээшлүүлэх сургалт боллоо

Хүүхдийг Ивээх Сангийн Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд Улаанбаатар хотын зорилтот Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийн чадавх бэхжүүлэх сургалт 2025 оны 9 дүгээр сарын 17,18-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хурлын танхимд боллоо.

Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт мэдлэгийг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийг хөгжлийн  дэмжлэгийн үйлчилгээнд хамруулах  үйл явцад  салбар комиссын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх,  үр дүнтэй хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд салбар дундын уялдааг хангаж, холбон зуучлах, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий уг сургалтыг төслийн зөвлөх багийн ахлагч, доктор Г.Соёлгэрэл, зөвлөх багийн гишүүн, хүүхдийн эмч Р.Галбадрах нар удирдан явууллаа.

Мөн сургалтын үеэр ГБХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комиссын мэргэжилтэн Б.Янжмаа, М.Мэндээ нар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээрх бодлого, хэрэгжилт, төсөв санхүүжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн талаарх танилцуулга, мэдээлэл хийв.

Түүнчлэн энэхүү сургалтыг төслийн зорилтот Баянхонгор, Сэлэнгэ аймагт энэ оны 10 дугаар сард багтаан явуулах юм.