Ховд аймаг 153 ESEL багш/зөвлөхтэй боллоо

Ховд аймгийн Боловсролын газар, Хүүхдийг Ивээх Сан хамтран “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” Entrepreneurship focused Socio-Emotional Learning (ESEL) хөтөлбөрийн сургагч  багш/зөвлөх бэлтгэх 3 өдрийн цахим болон танхим хосолсон сургалтыг 2025 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” ESEL хөтөлбөрийг Японы нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банкны менежмент дор 2020-2025 онд Хүүхдийг Ивээх Сан Ховд, Өвөрхангай, Завхан, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудад хэрэгжүүлсэн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол огох төсөл”-ийн хүрээнд боловсруулсан юм.

Тус төсөл нь Ховд аймгийн Булган, Алтай, Зэрэг, Манхан, Мөст, Үенч сумдын ерөнхий боловсролын сургуулиуд, Насан туршийн сургалтын нэгжүүд, Политехник коллежид амжилттай хэрэгжин, 92 багш/зөвлөхийг бэлтгэж, 14-25 насны 2080 хүүхэд залуучууд энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалт /ESEL /хөтөлбөрт хамрагдаж, бичил төслийн 90 баг 239,8 сая төгрөгийн санхүүжилт авч, Зэрэг сумын Эко Хүнс Сургуульд Суурилсан Энтрепрайз (ССЭ) хөгжүүлэх сонгон шалгаруулалтад шалгарч 107,6 сая төгрөгийн санхүүжилтийг авч амжилттай хэрэгжиж байна. Төсөлд хамрагдсан хүүхэд, залууст төдийгүй хамтран ажилласан багш, мэргэжилтэн, олон нийтэд гарсан эерэг өөрчлөлтүүдийг түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ бий болсон юм.

Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсролын газар нь тус төслийн үр дүн, хүүхэд, залуучуудын хөгжилд оруулж буй хувь нэмрийг үндэслэн, төслийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Ховд аймгийн нийт сумдын хүүхэд, залуучуудыг хамруулахаар зорин ажиллаж байгаа бөгөөд энэхүү сургалтаар багш/зөвлөхүүдээ бэлтгэснээр аймгийн 25 сургууль, Насан туршийн суралцахуйн төв, нэгжүүдэд ESEL сургалт зохион байгуулах боломжтой болох юм.

Цаашид орон нутгийн санхүүжилтээр аймгийн ерөнхий боловсролын сургууль, насан туршийн төв, нэгжүүдэд тус сургалтыг зохион байгуулж бичил төслийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Багш нар Энтрепренершипийн талаарх үндсэн ойлголт, Энтрепренешипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилт, онолын үндэслэл, сэдвүүд, үйл ажиллагаанууд, арга зүйг суралцаж, хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах зэрэг сургалтын тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гарын авлагуудыг ашиглаж дадлага ажлаар суралцаж байна. Тус хөтөлбөрийн Багш/зөвлөх, суралцагчийн гарын авлага, сургалтын хөтөлбөрөөр бүх сургуулиуд хангагдана.

Сургалтыг Ховд аймагт бэлтгэгдсэн Мастер багш нар болох Б.Жаргалсайхан, О.Оргилчимэг, Г.Мөнхцэцэг, Х.Оюундэлгэр нар чиглүүлж, Боловсролын газрын мэргэжилтэн Ц.Гантуяа, Хүүхдийг Ивээх Сангийн Салбарын зохицуулагч П.Бямбазаяа нар арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.