Санхүүжүүлэгчид төслийн үйл явцтай танилцлаа
Хүүхдийг Ивээх Сан “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр 2024 оноос гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ. Санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл болох Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрийн менежер Юри Хан болон Солонгос, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөх Абинаш Лахкар нар 2025 оны 9 дүгээр сарын 23-30-нд Монголд зочиллоо. Тэд төслийн үйл явцтай газар дээр нь танилцаж, оролцогч талууд болон үр шим хүртэгчидтэй уулзаж, төслийн үр дүн, тулгарч буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Мөн Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн удирдлагын баг, төслийн ажилтнуудтай уулзан төслийн үр дүн, сургамж болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцсэн. Энэ хугацаанд Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөх Абинаш Лахкар, Хүүхдийг Ивээх Сангийн ажилчдад уур амьсгалын өөрчлөлт, шийдлийн талаар сургалт зохион байгуулсан юм.
Мөн, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” сургуулийн “Ногоон Ирээдүй” эко клубийн сурагчидтай уулзаж ярилцав. Энэхүү эко клубт одоогоор 15 идэвхтэй сурагч манлайлан оролцож, клубийн гишүүн 500 гаруй сурагчдадаа байгальд ээлтэй амьдрах дадал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэг түгээж байна.
Эко клубийн багш, нийгмийн ажилтан Ү. Номинчимэгийн хэлснээр, Эдгээр сурагчдыг мод тарих зэрэг байгаль хамгааллын санаачилга гаргахад төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжиж ажиллах болжээ. Тухайлбал, мод тарихад нүхийг нь техникээр ухаж ажлыг нь хөнгөвчилдөг байна. Хүүхдүүдийн хувьд эко клубт элссэнээр зөвхөн мод тарих бус, гэр бүлээрээ агаар салхинд гарахдаа хогоо хаяхгүй байх зэрэг байгалиа хайрлан хамгаалах дадал хэвшиж байгаа тухай ярьсан.
Түүнчлэн сургагч багш, иргэдийн бүлгүүдтэй уулзсан юм. Биднийг очиход уур амьсгалын өөрчлөлтийн сургагч багш З. Баасансүрэн цэцэрлэгийн багш нарын бүлэгт сургалт орж байлаа. Сургалтын үеэр, оролцогчдоор экологийн ул мөрийг нь тооцуулж, үүнийгээ нөхөхийн тулд хэдэн мод тарих ёстой талаар зааж байсан юм. Абинаш Лахкар үүнийг маш үр өгөөжтэй, амьдралд ойр сургалт байна гэж онцолж байв. З. Баасансүрэн багш сургалтдаа, суралцагч нараа цахилгаан бараа авахдаа байгальд ээлтэй сонголт хийх, утсаа цэнэглээд дууссан бол цэнэглэгчээ заавал салгаж тог хэмнэх, мод тарих зэрэг сэдвээр амьдрал, өдөр тутмын дадалтай нь холбож хичээлээ заадаг байна.
Мөн Налайх дүүргийн 152 дугаар цэцэрлэгийн багш нар уур амьсгалын өөрчлөлтийн сургалтад өнгөрсөн хавар хамрагдсан бөгөөд дахин сургалт авах хүсэлтээ илэрхийлжээ. Тэд цэцэрлэгийн хашаандаа болон гудамжиндаа мод тарих сонирхолтой байгаагаа хэлж, хамтдаа арчилж ургуулбал цаашид тогтвортой үргэлжлэх боломжтой гэж үзэж байна.
Солонгос дахь Хүүхдийг Ивээх Сангийн Хөтөлбөрийн менежер Юри Хан уулзалтын дараа:
“Төслийн оролцогчидтой уулзаад маш их урам зориг авлаа. Хүүхдүүд, багш нар үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлт, мод тарих талаар суралцах хүсэл тэмүүллээ харуулж байна. Мөн эцэг эх, иргэдийн бүлгүүд байгаль орчин, нийгмийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх санаачилгад оролцож байгааг хараад бахархаж байна. Монгол улсын хувьд хэдийгээр хатуу ширүүн уур амьсгалтай, логистикийн бэрхшээл тулгарч байгаа ч мод тарих, сургуулийн сурагчид, иргэдийг чадавхижуулах зэргээр төслийн бодит үр дүн гарч эхэлсэн нь урамтай байна. Эдгээр нь урт хугацааны өөрчлөлтийн чухал суурь болж төсөл зөв чиглэлд явж байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн онцоллоо. Тэд 9 дүгээр сарын 27-ний өдөр сурагчдын хамтаар мод тарих үйл ажиллагаанд оролцсон юм.
“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 5 га талбайд 5,000 гаруй мод тарихаар зорьж байгаа бөгөөд өнгөрсөн хавар 1,700 орчим мод тарьсан нь одоогоор 80 гаруй хувийн ургалттай байна. Энэ намар Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдийн оролцоотойгоор 2,000 гаруй мод тарих бөгөөд одоогоор 1,589 мод тариад байна.
“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл нь Налайх дүүрэгт ойн төгөл байгуулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Налайх дүүргийн сургууль, коллеж, МСҮТ-үүдийн суралцагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн иргэдэд мод тарих чиглэлээр мэдлэг олгох юм.