Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд нийслэлийн Налайх дүүргийн “Эрдмийн оргил” сургуульд “Эко сэтгүүлч” бичил төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн үр шимийг хүртэж буй эко клубийн идэвхтэн гишүүн М.Төвшинзаяа 16 настай.  Хичээлийнхээ хажуугаар “Эко сэтгүүлч” клубийнхээ үйл ажиллагаанд оролцдог байна. Түүний амьдардаг Налайх дүүрэг Улаанбаатар хотоос зүүн тийш 36 км зайд оршдог. 1990-ээд онд нүүрсний уурхай нь хаагдсанаар дүүргийн эдийн засгийн чадамж эрс буурчээ. Одоо оршин суугчдынх нь дийлэнх нь жижиг бизнес эрхлэх, улирлын чанартай ажил хийх, нийслэлд очиж ажиллах зэрэгт түшиглэн амьдарч байна. Налайх дүүргийн хувьд, өвөлдөө нүүрс түлснээс үүдсэн утаа, бохирдол их байдаг. Агаарын чанар муудах нь ялангуяа хүүхдүүдийн хувьд ноцтой асуудал болоод байна. Гэхдээ М.Төвшинзаяа охин цэвэр агаартай илүү сайхан ирээдүйд итгэж байна.

М.Төвшинзаяа “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөлд оролцож эхлэхээс өмнө сургуулийнхаа эргэн тойрны хогийг түүх, найзуудтайгаа мод үрслүүлэх зэрэг жижиг  үйлдлүүдээр байгалиа хамгаалдаг байжээ. Гэсэн ч өөрийгөө хэзээ ч сэтгүүлч, эсвэл байгаль орчны төлөөх дуу хоолой болно гэж төсөөлж байгаагүй. Тэрээр “Би өөрийн хийсэн жижигхэн зүйлийг олон нийтэд хуваалцаад бусдад урам зориг өгч чадна гэдгийг ойлгосон. Энэ нь үйлдэл хийсэн шиг чухал юм байна лээ” хэмээн ярилаа.

Тэрээр клубийнхээ үйл ажиллагааг танилцуулсан богино бичлэг, сургуулийн төгсөгчдийн тарьсан модны тухай санал сэтгэгдэл, хичээлээс гадуурх үйл ажиллагааны хаалт дээрх сургуулийнхаа эко клубийн энэ хичээлийн жилийн ажил, Хүүхдийг Ивээх Сангийн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөлтэй хамтран зохион байгуулсан “Нээлттэй микрофон” үйл ажиллагаан дээр хүүхдүүдийн байгаль хамгааллын тухай мэдлэгийг сорьсон бичлэг зэрэг нэг сарын хугацаанд 6-7 контент хийж түгээсэн байна. “Надад хүмүүстэй ойр харилцаж, асуулт асуух, бичлэгт орох гээд сэтгүүлзүйн чиглэлээр ажиллахад маш таатай байсан. Бас үйл ажиллагаа бүрээс хүмүүсийн байгаль орчны асуудал, эдгээртэй хэрхэн тэмцэх хамгаалах гээд маш олон үзэл бодлуудтай танилцаж тэдгээрийг бусдад түгээх нь хамгийн том туршлага байсан” гэж тэрээр өгүүлэв.

Энэхүү төсөл түүний болоод гэр бүлийнх нь байгальд хандах дадлыг өөрчилсөн байна. Тэд хогоо ялгаж сурч, гялгар уут биш даавуун уутыг ашиглах болсон байна. Мөн шүдээ угаахдаа аяганд ус хийж угаах гэх мэт илүү хариуцлагатай хандах болсон байна. Тэрээр “Би төслөөр олж мэдсэн зүйлсээ зурагзүйн хичээлтэйгээ холбож ойлгодог болсон. Өмнө нь энэ хичээл маань тийм ч сонирхолтой санагддаггүй байсан. Харин энэ төсөлд оролцож эхлээд агаарын даралт, эсвэл усны нөөцийн ач холбогдлыг ойлгодог болсон” гэлээ. Иймээс тэрээр төсөл цаашид үргэлжилж, илүү олон хүнийг хамруулаасай гэж хүсэж байгаагаа хэллээ. “Мэдээж үр дүн нь шууд гарахгүй байж болох ч нэг ч гэсэн хүн мод тарих, эсвэл хогоо ангилж, түүх дадалтай болж байвал тэр нь үр дүн гэж ойлгосон” гэж нэмж хэллээ.

Түүний багш Ү.Номинчимэг хэлэхдээ, “ХИС-ийн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Эко сэтгүүлч” төсөлд оролцож эхэлснээс хойш М.Төвшинзаяагийн сэтгэлгээ, хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг би харж байгаа.  Тэр үзэл бодлоо илэрхийлэхдээ илүү чөлөөтэй, өөртөө итгэлтэй болж, бусад сурагчдын байгаль орчны асуудлаарх ойлголтыг нэмэгдүүлэх санаачилга гаргадаг болсон. Надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол хог ангилах, усаа хэмнэх зэрэг энгийн үйлдлүүдийг өдөр тутмын зуршил болгож чадсан явдал юм. Эдгээр нь энгийн зүйл мэт боловч байгальдаа хариуцлагатай, хайртай байхын утга учрыг гүнзгий ойлгосныг нь илтгэж байна. Энэхүү төслийн ачаар М. Төвшинзаяа хариуцлагатай сурагч төдийгүй, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж хөгжиж байна” гэлээ.