БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн захирал, удирдлагын баг Монголд зочилж байна

БНСУ-ын ХИС-гийн захирал, удирдлагууд “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн үйл явцтай газар дээр нь танилцан, мод тарилаа

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн захирал, удирдлагууд 2025 оны 10 дугаар сарын 19-23-нд Монголд зочилж байна. Тус баг БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Гүйцэтгэх захирал Габриэл Жон Тэ Ёон, Маркетинг хариуцсан захирал Им Жун Ил, Хөрөнгө оруулалт, Санхүүжилт хариуцсан захирал И Сү Кён,  Сайн Үйлсийн санхүүжилт хариуцсан захирал Чой Жи Вон болон Олон улсын стратегийн захирал И Чэ Гуан нараас бүрдсэн юм. Тэд  БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн өнөөгийн ахиц дэвшил, ололт амжилтыг үнэлэх, цаашид өргөжүүлэх боломжуудын талаар ярилцах, ойжуулалтын амжилттай төслүүдийн туршлагаас суралцах, зочлох,  төсөл  хэрэгжүүлж буй орон нутгийн удирдлагуудтай уулзах, төслөө амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцох, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сан болон Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярилцах зорилгоор Монголд ажиллаж байна.

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн захирал, удирдлагын баг даваа гарагт “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбайд зочлон төслийн үйл явцтай газар дээр нь танилцан, төслийн талбайд хамтдаа гацуур мод тарьсан юм.

Энэ үеэр БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Гүйцэтгэх захирал Габриэл Жон Тэ Ёон “Бидний энэ төслийг хэрэгжүүлж буй хамгийн гол шалтгаан нь дэлхий дахинд тулгамдаж буй хамгийн ноцтой асуудал болох дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмэр оруулах явдал юм. Мод тарих нь уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарлын эсрэг авч болох хамгийн үр дүнтэй арга хэмжээний нэг тул бид энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Дүүргийн хүүхэд, залуучуудын идэвхтэй оролцоотойгоор мод тарьж, экологийн таатай орчин бүрдүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, мод тарихын ач холбогдлын талаар сургалт зохион байгуулж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол орон үзэсгэлэнт байгальтай ч цөлжилтөд өртсөн, хангалттай модгүй байгаа нь миний сэтгэлийг ихэд эмзэглүүлсэн. Энд ирж нөхцөл байдлыг бодитоор хараад энэхүү төсөл Монголд үнэхээр хэрэгцээтэй гэдгийг гүнзгий ойлголоо” хэмээн хэлсэн юм.

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 5 га талбайд 5,000 гаруй мод тарихаар зорьж байгаа бөгөөд энэ жил Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдийн оролцоотойгоор 24 төрлийн 4,000 мод тариад байна. ”Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл нь Налайх дүүрэгт ойн төгөл байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Налайх дүүргийн иргэдэд мод тарих чиглэлээр мэдлэг олгох, сургууль, коллеж, МСҮТ-үүдийн суралцагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх юм.

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн удирдлагууд Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуульд зочиллоо

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн гүйцэтгэх захирал Габриэл Жон Тэ Ёон тэргүүтэй удирдлагын баг даваа гарагт Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын “Голомт” цогцолбор сургуульд зочилж, сургуулийн удирдлага болон эко клубийн сурагчидтай уулзаж ярилцлаа. Тус эко клуб нь 20 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2024 оноос Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөлтэй хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд сурагчдад мод тарих арга барил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэг мэдээлэл олгож, төслийн талбайд мод тарих ажлыг идэвхтэй зохион байгуулж байна. Уулзалтын үеэр БНСУ-ын ХИС-ийн Гүйцэтгэх захирал Габриэл Жон Тэ Ёон сурагчидтай уур амьсгалын өөрчлөлт болон мод тарихын ач холбогдлын талаар ярилцаж, “Хүүхдүүд зөвхөн мод тарих үйл ажиллагаанд оролцоод зогсохгүй, уур амьсгалын өөрчлөлт, мод тарихын ач холбогдлыг ойлгож, байгаль хамгаалах ухамсартай, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэгтэй болох нь хамгийн чухал” хэмээн онцлон тэмдэглээд тэдэнд амжилт хүслээ.

Тус эко клубийн сурагчид багшийн хамтаар Налайх дүүргийн ирээдүйд бодитой хөрөнгө оруулалт хийж, төгөл байгуулах төсөл хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр тус сургуулийн 7 дугаар ангийн сурагч Н.Мөнгөн-Эрдэнэ морин хуураар “Үүлэн бор”, “Жалам хар” аяыг эгшиглүүлж, 5 дугаар ангийн сурагчид бүжгийн үзүүлбэрээр зочдод бэлэг барив.

Уулзалтын төгсгөлд БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн төлөөлөгчид “Голомт” цогцолбор сургуулийн хамт олонд халуун талархал илэрхийлж, хүүхдүүдийн байгаль орчны боловсролыг дэмжин ажиллахын чухлыг онцоллоо.

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн захирал, удирдлагын баг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт зочлов

Мөн энэ өдөр БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн захирал, удирдлагын баг Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт зочилсон. ИТХ-ын дарга Н. Мандуул, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А. Туяабаатар, Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Т. Батсүх нар тэднийг халуун дотноор угтан авч уулзсан юм. Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н. Мандуулын хувьд өмнө нь хүүхдийн төлөөх байгууллагад ажиллаж байсан тул дүүргийн хүүхэд залуусын ирээдүйн төлөө чухал ажил хийж байгааг дэмжиж байлаа. Тэрээр хэлэхдээ: “МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа энэ цагт ийм төслийг хэрэгжүүлж, аргазүй, бааз суурийг нь бий болгож өгнө гэдэг бол маш чухал. Налайхын хөрсөнд үрслүүлсэн мод хамгийн сайн ургадаг. Налайхыг илүү ногоон болгоход та бүхний энэ төсөл, мод үржүүлгийн талбай хамгийн том нөөц, бодит боломж болж байгаа шүү” гэлээ. Мөн тэрээр Монголын уур амьсгал нь Солонгосоос эрс өөр болохыг онцлоод: “Бид зорьсон төглөө байгуулахын тулд хамтын хүчин чармайлт чухал бөгөөд мод тарьж ургуулж, төгөл байгуулах нь урт хугацааны ажил. Модны мэргэжилтний хэлснээр, энэ газар нутагт тарьсан мод эхний 3 жилдээ дасан зохицох үе шатыг давж, үүнээс хойш жинхэнэ мод болох үе шат эхэлдэг. Энэ төсөл цаашдаа олон жил үргэлжилбэл бидний хүссэн үр дүнд хүрэхэд илүү хялбар байна” хэмээсэн юм.

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь  Боловсролын байгууллагатай хамтран нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн тоогоор мод тарих төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Тарьсан модыг эцэг эх,  сурагчдын тусламжтайгаар сурагчдыг 12 дугаар анги төгстөл нь арчилж ургуулах бөгөөд 12 жил ургасан мод нь цаашдаа хэний ч арчилгаагүйгээр ургах боломжтой болох талаар тэрээр яриандаа онцолсон юм.

ИТХ-ын төлөөлөгчид дүүргийг ногоон болгох, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, байгаль орчны ногоон хөгжлийн чиг хандлагыг түүчээлэхэд энэхүү төсөл чухал хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж, “Налайх дүүрэг бол анхны уурхай, аж үйлдвэрийн хот. Хамтдаа энэ дүүргийг ухдаг бус ургуулдаг дүүрэг болгоё. Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг бид дэмжиж, бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн байна”  хэмээн хэлсэн юм.

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн захирал, удирдлагын баг “Багануур дахь Кореан Эйр”-ийн төгөлтэй танилцав

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн захирал, удирдлагын баг нийслэлийн Багануур дүүрэгт Кореан Эйр нислэгийн компани Монгол-Солонгосын найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэх болон цөлжилтөөс сэргийлэх ойжуулалтын “Багануур дахь Кореан Эйрийн төгөл”-ийг Багануур дүүргийн иргэдтэй хамтран байгуулж байгааг үзэж сонирхов.

 

Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, ногоон байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Батбаяр төгөлийн талаар зочдод танилцууллаа. 2004 оноос эхлэн байгуулсан тус төгөл нь 44 га газрыг хамардаг бөгөөд 7-8 төрлийн 130 мянган модтой, ургалт нь 90-100 хувьтай байгаа аж. Модоо хоёр худгаар усалдаг. БНСУ-аас Кореан Эйр нислэгийн компанийн ажилтнууд болон оюутнууд ирж мод тарьдаг юм байна. Энэхүү төгөлийг байгуулснаар нүүрсний уурхайгаас гарах тоосжилтыг бууруулж, агаар цэвэршүүлэх ач холбогдолтой аж. Санхүүжүүлэгч компанийн хувьд нь хэрэгцээ шаардлагатай зүйлсээр дэмждэг байна.