“Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” чуулга уулзалт боллоо

Хүүхэд хамгааллын асуудлаа тодорхойлж, шийдлээ ярилцав

Говь-Алтай аймгийн Алтай хотод “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” чуулга уулзалт 2025 оны 10 дугаар сарын 7-8-нд боллоо. Энэхүү чуулга уулзалт нь Говь-Алтай аймагт Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах салбар дундын хэлэлцүүлэг өрнүүлэх, тулгамдсан асуудлыг хамтран тодорхойлох, хүүхдэд хамгааллын болон боловсролын үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилготой юм. Уг арга хэмжээг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийг Ивээх Сан, Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран зохион байгуулсан юм.

Чуулга уулзалтад аймгийн болон сумдын удирдлага, сургуулийн нийгмийн ажилтнууд, багш нар, эрүүл мэнд, нийгмийн халамж ба цагдаагийн байгууллагын төлөөлөл, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүд, Боловсролын газрын төлөөлөл, Эцэг эх болон хүүхдүүдийн төлөөлөл, Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтнүүд оролцлоо.

Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга Л.Насанбуян, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар чуулга уулзалтыг нээж, үг хэллээ. Л.Насанбуян “Чуулганд амжилт хүсэж, баяр хүргэе. Говь-Алтай аймаг 20 гаруй мянган хүүхэдтэй. Энэ хүүхдүүдийн 36 хувь нь эрсдэлт орчинд амьдарч байгаа судалгаа байна. Аймгийн хэмжээнд ядуурлын түвшин 42 хувь байгаа тоон үзүүлэлттэй. Тиймээс бид эрсдэлт орчинд байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлийн асуудлуудыг нэн тэргүүнд тавих шаардлага зүй ёсоор бий болж байгаа. Тиймээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Хамтын шийдэл-Хамгаалагдсан ирээдүй” хөтөлбөрийг баталж, энэ хөтөлбөртэй уялдуулж, олон улсын байгууллага, хүүхэд хөгжил хамгааллын чиглэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломжуудыг эрэлхийлж байгаа” хэмээн дурдлаа. Харин Л.Баян-Алтай “Өнөөдрийн чуулга уулзалтад аймаг, сумдын удирдлагууд, төлөөлөгчдөөс гадна хүүхдүүд оролцож байна. Бид хүүхдээ сонсож, хүүхэд хамгаалалттай холбоотой цаашдын асуудлаа тодорхойлж, шийдлээ гаргана. Хүүхдийг Ивээх Сан “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах” нь төслийг 2023 оноос Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р сургууль, Дарив сумын ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж байна. Мөн Чандмань суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. Эрдэнэ, Алтай суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж, эрүүл мэндийн төвүүдэд осол, гэмтлийн үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийн иж бүрдэл өгсөн. Түүнчлэн зуд болон шороон шуурганд өртссөн малчид, хүүхдүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байсан юм” гэж онцлов. Мөн Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын дарга Б.Алтайбаатар “Хамтын шийдэл-Хамгаалагдсан ирээдүй” хөтөлбөрөө танилцуулсан юм.

   

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат Говь-Алтай аймгийн хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааны хөтөлбөрийг танилцуулав. Тэрээр “Хүүхдүүдээ сурах, боловсрох чиглэлд нь онцгой анхаарч, өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэлээд амжилт гаргалаа. Одоо бид хүүхэд хамгааллын чиглэлээр онцгой анхаарах зайлшгүй шаардлага гарсан тул 2025 оны 8 сард хүүхэд хамгааллын чиглэлээр хөтөлбөрөө баталж, одоо хэрэгжүүлэх шатандаа явж байна. Энэ хоёр сарын хугацаанд олон улсын хүүхэд хамгааллын чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг талаар Хүүхдийг Ивээх Сангийн Суурин төлөөлөгчтэй уулзаж, албан ёсоор саналаа гаргасан. Хоёр өдрийн хүүхэд хамгааллын чиглэлийн чуулга уулзалтаар энэ хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх гарц шийдлүүдээ гаргана. Чуулганд хүүхдийн төлөө төрийн өмнөөс чиг үүрэг гүйцэтгэж байдаг бүхий л удирдах албан тушаалтан, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын төлөөлөл, хүүхдүүд оролцож байна. Энэ чуулганаас хүүхэд хамгааллын чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын зөв гарц шийдэл гарна гэдэгт итгэж байна” хэмээн хэллээ.

   

Говь-Алтай аймгийн Хүүхдийн зөвлөлийн гишүүн, мэдлэгийг өөртөө клубийн тэргүүн  О.Төгөлдөрсайхан “Хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл”, Хүүхдийг Ивээх Сангаас хүүхэд хамгаалал  хөтөлбөр болон тус аймагт хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хэрэгжилт, сайн туршлагыг танилцуулсан юм. Түүнчлэн оролцогчид “Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал ба шийдэл” илтгэлийг сонсов.

Энэ үеэр “Хүүхэд хамгаалал, миний нүдээр” гар зургийн болон эссэ бичлэгийн уралдааны ялагчдад шагнал гардууллаа.

Чуулга уулзалтын үеэр сумдын Засаг дарга нартай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Чандмань сумын Засаг дарга Б.Эрдэнэ-Очир “Бид гурвуулаа оролцож байна. Манай сумын хувьд тулгарч байгаа асуудал бол сургуулийн 390, дотуур байрны 20 хүүхдийн ариун цэврийн байгууламжийн усан хангамжийн асуудал байгаа. Хүүхдийг Ивээх Сан манай суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байгаа. Сурагчдын эрүүл мэндийн клубт анхан шатны тусламж үзүүлэх тоног төхөөрөмж өгсөн. Хүүхдүүд энэ талын мэдлэгтэй болсон” гэлээ. Тонхил сумын Засаг дарга Ч.Жаргалсайхан “Сум, орон нутагт хамтарсан багаар  хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт илтгэл танилцуулсан юм. Тэрээр “Тонхил сум  2163 хүн амтай, 718 хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүд рүү хандсан ажил бол нийт ажлын 40 хувь нь байх ёстой гэж үзэж байгаа. Сумаас хүүхдүүдийн сурах, амьдрах орчин, аюулгүй байдлыг хангах сайжруулах зорилготой тодорхой хэмжээний төсөв тавьж ажиллах ёстой” хэмээн ярилаа.

   

Говь-Алтай аймгийн Дарив суманд хэрэгжүүлсэн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн үр дүн, сайн туршлага, “Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо”, “Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд  тулгамдаж буй асуудал, бэрхшээл”, “Сум, орон нутагт хамтарсан багаар  хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” зэрэг илтгэлүүдийг оролцогчдод танилцуулж, тэдний асуултад хариулав.

Үүний зэрэгцээ хүүхэд  хамгааллын  үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, шийдэл, арга зам, нөөц бололцоог боловсруулах багийн ажил, хэлэлцүүлэг боллоо.

Дарив сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Сарантуяа “Манай сургуульд хэрэгжсэн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл үр дүнтэй, өгөөжтэй байлаа. Төслийн үр дүнд олон эерэг өөрчлөлтүүд бий болгож чадсан. Бид нэгдүгээрт, сургуулийн хүрээнд хүүхэд хамгааллын цогц бодлогын баримт бичигтэй болсон, хоёрдугаарт, сумын эцэг эхчүүд, хамтарсан баг, сургуулийн хүүхэд хамгааллын баг, хүүхдүүдийн оролцоо хамтын ажиллагаа сайжирсан, гуравдугаарт, хүмүүс хүүхэд хамгааллын үүргийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, хүүхэд хамгааллын хандлагын эерэг өөрчлөлтүүд гарсан, дөрөвдүгээрт, мэдлэг ойлголтод тулгуурласан сургуулийн орчны эерэг өөрчлөлтүүд нэлээд бий болсон” хэмээн ярилаа.

Чуулга уулзалтыг дүгнэн Говь-Алтай аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Э.Энхнаран “Говь-Алтай аймаг хүүхэд хамгааллын хөтөлбөрөө баталсантай холбогдуулан “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” чуулганыг хоёр хоногийн хугацаанд Хүүхдийг Ивээх Сантай хамтран зохион байгууллаа. Энэ чуулганд 18 сум, 2 тосгоны удирдлагууд болон хүүхэд хамгаалах чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй хүн оролцсон. Чуулганы үеэр бид хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсож, гар зургийн болон эссэ бичлэгийн уралдааныг аймгийн хэмжээнд зарлаж, дүгнэлээ. Чуулганаас аймаг, орон нутагт тулгарч буй асуудлуудаа дэвшүүлж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө ярилцсан, маш амжилттай чуулган болж өндөрлөлөө” хэмээн хэллээ.