Зорилтот дүүргийн цэцэрлэгт тусгай хэрэгцээтэй хүүхдийг дэмжих тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл, засварын ажлыг хүлээлгэж өглөө
“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төсөлд хамрагдаж буй нийслэлийн Баянзүрх дүүргийн 320 дугаар цэцэрлэгт тусгай хэрэгцээтэй хүүхдийг дэмжих цэцэрлэгийн дэд бүтцийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Үүнд дөрвөн ангийн ариун цэврийн өрөөнд зориулалтын угаалтуур, суултуур, туслах тоноглол, шатны хананд туслах бариул хийлгэх, гадна талын орох хаалганд налуу зам суурилуулах зэрэг засварын ажлыг 2025 оны 8 дугаар сард хийж дуусгалаа. Түүнчлэн тус цэцэрлэгт байгуулж буй “Хүүхэд хөгжлийн танхим”-д зориулан сургалтын хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмж, хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэх ном, багц тоглоом зэрэг сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлж байгаа юм. “Хүүхэд хөгжлийн танхим” болон засварын ажлыг төслөөс хүлээлгэж өгөх арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус цэцэрлэг дээр боллоо.

Дээрх арга хэмжээнд Япон улсын Элчин сайдын яамны ажилтнууд, Хүүхдийг Ивээх Сангийн төслийн баг болон Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн, 23-р хорооны Засаг дарга, цэцэрлэгийн захиргааны ажилтнууд зэрэг төлөөллүүд оролцлоо. 320 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цогзолмаа тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Уг төслийн хүрээнд бид тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг тэгш хамран сургахад туслах багш, эцэг эхчүүдийн сургалт, арга зүйн болон шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг цогц дэмжлэг туслалцаа авч байна. Цаашид манай хамт олон хүүхдийн сайн сайхан байдлын төлөө хичээн ажиллах болно” гэж онцлов. Мөн тус арга хэмжээнд Япон улсын Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Такаши Үмеда оролцож талархлын үг хэллээ.

Энэ жил төсөлд шинээр хамрагдаж буй нийслэлийн 3 дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудын зорилтот 5 Өрхийн ЭМТ, 5 цэцэрлэгт тусгай хэрэгцээтэй хүүхдийн сурах үйл явцыг дэмжих “Хүүхэд хөгжлийн танхим” болон хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн өрөө байгуулж холбогдох тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийн орчныг сайжруулах засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ.

