Чадварлаг баг-амжилтын үндэс

Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл хэрэгжиж буй газруудын нэг нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургууль билээ. Аливаа төсөл амжилттай хэрэгжих үндэс суурь нь ажлын хэсэг. Ажлын хэсэг буюу баг бүрдсэнээр төсөл үр дүнтэй, хуваарийн дагуу явагдах, гишүүдийн хариуцлага тодорхой болох, бүтээлч санаа, шинэ шийдэл гарах, хамтдаа зорилгодоо хүрэх боломж бүрдэнэ. Тиймээс тус сургуулийн төслийн ажлын хэсгийг онцолж байна.

Сайн баг бүрдүүлэх чухал учраас…

Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг захирал Б.Эрдэнэчимэг, нийгмийн ажилтан П.Оюун-Эрдэнэ, Б.Оюунчимэг, бага ангийн багш Л.Даваасүрэн, Ж.Болор-Эрдэнэ, ахлах ангийн багш Т.Хоролсүрэн, Т.Мөнгөнтуяа, дунд ангийн багш Б.Оюунбилэг, А.Өнөрзаяа, сэтгэл зүйч Г.Ганцэцэг, Дүрслэх урлагийн багш Э.Батхишиг гэсэн 11 гишүүнээс бүрдэнэ. Тус багийг анх байгуулахдаа хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас хамааран сургуулийн 149 багшаас бусдад нөлөөлөх чадвартай, манлайлагч шалгуураар бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл сонгосон байна. Гэхдээ өөрсдийн саналаар төслийн ажлын хэсэгт  оролцох боломжтой багш ажилтнууд  багт нэгдсэнээс хойш ердөө хоёр удаа солигдож, дөрвөн  гишүүн шинээр нэмэгджээ. Тиймээс багийн гишүүдийн мэдлэг, чадвар, туршлага хоорондоо уялдаж, зөв хандлага, харилцан итгэлцэл, тууштай манлайлал дээр тогтож байгаа юм. Өөрөөр хэлбэл гишүүн бүрд давуу талаа ашиглах боломж бүрджээ. Мэдлэг, ур чадвар, арга барилын хувьд харилцан хамааралтай, нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд хүчин чармайлтаа нэгтгэн ажиллаж буй хүмүүсийг баг гэдэг. Харин төслийн багийн хувьд тодорхой хугацаанд, тодорхой зорилгоор үйл ажиллагаагаа хамтдаа хэрэгжүүлдэг билээ.

 

Ажлын хуваарь чухал учраас…

Тухайн ажлаа боломжтой хугацаанд, бодитоор гүйцэтгэхийн тулд гишүүдээ зөв хуваарилах нь нэн чухал. Нийслэлийн 48 дугаар сургуулийн төслийн ажлын хэсгийнхэн өөрсдийн ажлыг үүргийнхээ дагуу хуваарилж авч ахлан ажилладаг болжээ. Тухайлбал, бага ангийн хүүхдүүдийн эцэг эхийн сургалтыг бага ангийн нийгмийн ажилтан Оюунчимэг ахлан хоёр багшийн хамт явуулна. Харин дунд ангийн сурагчдын эцэг эхчүүдэд модуль 1, 2 сургалтыг А.Өнөрзаяа багш ахлаад Б.Оюунбилэг, Э.Батхишиг нар хамтдаа баг болон явуулсан байна. Түүнчлэн ахлах ангийн сурагчдын эцэг эхчүүдэд зориулсан үйл ажиллагааг сэтгэл зүйч Г.Ганцэцэг ахлан, Т.Мөнгөнтуяа, Т.Хоролсүрэн багш нар хамтран явуулах жишээтэй. Төслийн нэг томоохон ажил бол “Сайн эцэг эх” сургалт юм. Өнөөдөр хүмүүс цаг завгүй болсон үе. Тиймээс тус сургуулийн багийнхан сургалтаа зохион байгуулахаас өмнө эцэг эхчүүдийг идэвхжүүлэхийн тулд зар урилгыг  хамт хүргүүлдэг байна. Эхний үед хүмүүс идэвх муутай байсан ч явц дунд хандлага нь өөрчлөгдөж, хэрэгцээ шаардлагыг нь ойлгож сургалтад хамрагдах сонирхол нь нэмэгджээ. Мөн албан байгууллагууд руу нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудаа сургалтад хамруулах зөвшөөрөл өгөхийг хүссэн захидал явуулсан нь үр дүнтэй болжээ. Эцэг эхчүүдэд байгууллагынх нь дэмжлэг чухал байдаг. Төсөл эхлэх үеэр эцэг эхчүүд ойлголт багатай “Сургалт явуулдаг юм уу, зүгээр цуглуулаад байдаг юм уу” гэх мэтийн асуултууд түгээмэл ирдэг байв. Харин төслийн явцад  хүүхэд хамгааллын сургалтууд энгийн, шинэлэг аргаар ойлгуулж, олон арга зүй өгсөн хэмээн сэтгэл хангалуун байдаг аж. Хүүхдийнх нь нас сэтгэхүйд тохирсон сургалтуудыг эцэг эхчүүд таатай хүлээн авч, стрессээ даван туулах, хүүхэдтэйгээ ярилцах, ойлголцох гэх мэтийн олон талын мэдлэгтэй болж, хандлага нь өөрчлөгджээ. Нийт 1200 эцэг эхийг сургалтад хамруулсан байна.

Төслийн гүйцэтгэл чухал учраас…

Ажлын хэсгийн гишүүд багш, ажилтнуудад зориулсан сургалтыг ээлж солигдох боломжит цаг, хуваарийг тооцон явуулдаг байна. Төсөл хэрэгжих хугацаанд Баянзүрх дүүргийн 1-р хорооны “Иргэний танхим”, сургуулийнхаа анги танхимыг ашиглаж, боломж нөөцдөө тулгуурлан сургалтуудаа зохион байгуулж байгаа аж. “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл 48 дугаар сургуульд хэрэгжиж эхэлснээр 110 бүлгийн 13 төлөөллөөс бүрдсэн эцэг эхийн зөвлөл албан ёсоор байгуулж, өнгөрсөн хугацаанд хоёр төсөл амжилттай хэрэгжүүлсэн байна.Өнгөрсөн хавар “Галт шувуу” төсөл зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулжээ. Үүгээр 3500 гаруй эцэг эхийг хамруулан, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, “Мэргэжлээ сурталчилъя”, “Тэврэлт илгээе” гэх мэтийн сургуулийн орчинд сурагчдад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан байна. Сургуулийн эцэг эхийн зөвлөл үүрэг оролцоотой байж, хүртээмжтэй, бодитой, хүүхдүүдэд  хүрэх ажлууд санаачилсан аж. 48 дугаар сургуулийн багш А.Өнөрзаяа үе тэнгийн сургагчдын чиглүүлэгчээр  ажиллажээ. Тэрээр эдгээр сурагчдыг хамруулахдаа “Сургалтад хамрагдсан байдал, өөрсдийнх нь хүсэл эрмэлзэл, эцэг эхийн зөвшөөрлийн дагуу сонгосон. 9-11 дүгээр ангийн 125 хүүхэд бүлэг болсон байгаа. Эдгээр хүүхдүүдийг багаар хувааж, заах сэдвийг нь хуваарилж өгсөн. Бага, дунд, ахлах зэрэг бүх ангид “Би найзаа дэмжинэ” сургалтаа хүргэсэн” хэмээн ярилаа.  Энэхүү сургалт хүүхдүүдэд хүүхэд хамгааллын мэдлэгийг энгийн байдлаар ойлгож, эерэг өөрчлөлт авчирсан байна. Түүнчлэн бага ангийн хүүхдүүдийн дунд оролцооны клуб шинээр байгуулж, хүүхэд хүүхдэдээ эергээр нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг болжээ. Өнөөдрийн байдлаар 48 дугаар сургууль 4400 гаруй сурагчтай бөгөөд эдгээрээс 520 гаруй нь 17 оролцооны клубт хамрагддаг аж. Хамгийн отгон нь 5 дугаар ангийн сурагчдын байгуулсан оролцооны клуб юм.

Тус сургуулийн сурагчид “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн дэмжлэгээр “Оргил ба түүний найзууд Х team” төсөл хэрэгжүүлж, “Stop bullying” аян явуулжээ. Хүүхдүүд долоо хоног үргэлжилсэн аянг эергээр хүлээн авсан байна. Төсөл хэрэгжих хугацаанд тус сургуульд нутагшсан зүйл бол мэдээллийн хэлхээ. Үүн дээр сургуулийн нийгмийн ажилтан, хороо, дүүргийн цагдаа, хамтарсан багийн  утасны дугаар, мөн итгэлтэй утасны дугаар ч байршуулжээ. Хүүхдүүд эрх нь зөрчигдвөл хаана хэнд хандахаа мэддэг болж, нээлттэй болж чадсан байна.

Ажлын хэсгийнхэн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн сургалтын “Гарын авлагын агуулга нь тодорхой, ойлгомжтой, өнгө загварын хувьд шинэлэг байдаг. Эцэг эхийн зөвлөлийн гарын авлага бол сургуулийн баримталж байгаа эрх зүйн баримт бичиг. “Сайн эцэг эх” гарын авлагын агуулга арга зүйгээр сургалтаа явуулахад хэлэх гэсэн санаа, асуудлуудаа гаргаж чаддаг” хэмээн дүгнэж байлаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд хэрэгжиж буй Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн ажлын хэсэг нэгэн зорилгын төлөө, сэтгэл зүтгэлээ нэгтгэн ажилласны үр дүнд гарсан амжилтуудаас өгүүлэхэд ийм. Энэ амжилтууд бол  төслийн төгсгөл биш, харин ирээдүйд гарах олон шинэ санаа, өөрчлөлтийн эхлэл юм.