Хүүхдийг Ивээх Сан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Хүүхдийг Ивээх Сан болон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар 2020-2025 онд Ховд аймгийн 6 суманд хэрэгжүүлсэн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн амжилттай хэрэгжилтийг бататгаж, төслийн тогтвортой байдлыг хангах, аймгийн орон нутгийн санхүүжилт болон Хүүхдийг Ивээх Сангийн аргазүйгээр цаашид үргэлжлүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурсан юм.

Төслийн аргачлалыг 2025-2028 онд Ховд аймгийн зөвлөл, 17 сумын зөвлөлөөр дамжуулан нийт 25 ерөнхий боловсролын сургууль, насан туршийн суралцахуйн төвүүдэд нутагшуулах юм. Хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Баярт, Засаг даргын тамгын газрын дарга Х.Баасанхүү, Боловсролын газрын дарга Б.Цэрэндаваа нар Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтайг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх ажлын хэсэг буюу орон нутгийн зөвлөлийг байгуулах, тус зөвлөл нь аймаг, сумдын хөгжлийн бодлого, чиглэл болон бусад төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулан хамтын ажиллагааны гэрээг боловсруулж ажиллахаар тохиролцлоо.


Орон нутгийн санхүүжилтээр “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх (ESEL)” хөтөлбөрийн багш, зөвлөхүүдийг бэлтгэх сургалтыг 2025 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулж, аймгийн 59 ерөнхий боловсролын сургуулийн багш шинээр бэлтгэгджээ. Одоогоор Ховд аймгийн 579 сурагч тус хөтөлбөрт хамрагдаж байна. Тэд цаашид сургалтаар эзэмшсэн мэдлэг, ур чадвараа ашиглан орон нутаг, сургуулийн орчин дахь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бичил төслүүдийг санаачлан орон нутгийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

