Хамтарсан багийн “хөдөлгүүр” буюу хүүхэд хамгааллын зардал
“Дуудлагын дагуу очоод хамгийн эхлээд хүүхдийн нүд рүү л хардаг. Нүдний гал гэж бий. Өөртөө итгэлтэйгээр аав, ээжээсээ асуулт асууж, хариултаа авч чадаж байна уу гэдгийг анзаардаг. Гэтэл хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд тийм биш. Харц нь буучихсан, айсан, түгшсэн байдаг” хэмээн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Л.Сурмаа ярив. Түүний мэргэжил нийгмийн шаардлагаар урган гарсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл, манай улсад урьд нь хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан гэх мэргэжилтэн, ажлын байр байсангүй. Харин Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сум, баг, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах зохицуулалт тусгасан. Үүний хүрээнд Засгийн газраас 2024 оны 237 дугаар тогтоолоор сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог тогтоох, шалгуур үзүүлэлт, аргачлалыг баталж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингэснээр салбарын яам нь шинэ мэргэжилтнээ бэлдэж, одоогийн байдлаар 760 гаруй мэргэжилтэн хороо, сумд ажиллаж байна. Түүний нэг нь Л.Сурмаа. Тэрбээр 22 мянган хүн амтай, 4000 мянган өрхтэй, дахин төлөвлөлт ид өрнөсөн, “явуулын хүн” эл хороонд шинэ ажилтнаар өнгөрсөн хоёрдугаар сард томилогджээ. Л.Сурмааг ажилтай болоход, хамгийн чухал нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй, чанартай үзүүлэхэд хамтарсан багийг “хөдөлгөх” хөшүүрэг нь юу байв.
Д.Амараа:Хамтарсан багт санхүүжилт олгох механизм тодорхойгүй байсан
Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуулиа шинэчилсэн найруулж, 2024 оны есдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй. Тус хуулийн 52.8-д хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын нормативыг Засгийн газар батална гэж заасан. Үүний дагуу хүүхэд хамгааллын зардлыг санхүүжүүлэх аргачлал, нормативыг 2024 онд Засгийн газрын 236 дугаар тогтоолоор баталсан юм. Хэрэгцээ, шаардлагыг нь тодорхойлсон гэсэн үг. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн Сан, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхэд хамгааллын үйлчилгээний аргачлал, нормативыг шинэчлэх, боловсруулах зөвлөх баг сонгон шалгаруулснаар энэ аргачлалыг боловсруулсан байна. Энэ тухайд НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа “Анх 2015 онд хүүхэд хамгааллын салбарын төсвийн тооцоолол, 2016 оны Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг тооцоолж үзэхэд тухайн үед 0.9 тэрбум төгрөг л байсан. Энэ нь харьяа газар, хэлтсийн урсгал зардалд л зориулагдахаас бус, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хүрдэггүй. Хүүхэд хамгаалалд хэр хэмжээний зардал шаардагдах вэ гэдгийг тодорхойлохын тулд бид гаднаас зөвлөх үйлчилгээ авч, төрийн үйлчилгээ гэдгийг тодорхойлж, үйлчилгээний далайцыг нэмэхэд 4-21 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцсон. Гурван хувилбар гаргаж, Засгийн газарт танилцуулахад холбогдох албаныхан сайн ойлгосон. Үүний дараа 2018 онд хүүхэд хамгааллын зардалд 6.4, удаах жил нь 8 тэрбум төгрөг тусгаж, жилээс жилд нэмсэн. Төсвийг үр дүнтэй зарцуулж байна уу, зорилтот бүлэгтээ хүрсэн үү гэдэгт аудитын дүгнэлт гарсан байдаг. Ер нь бол зарцуулалтад асуудал бийг илрүүлсэн. Тухайлбал, хамтарсан багийнхан эл төсвөөс хүртэхэд төвөгтэй, бараг авдаггүй, олгох механизм нь ч байхгүйг олж тодорхойлсон. Кэйс менежмент гэх ойлголтыг Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар оруулж ирсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхцөл байдлыг үнэлж, юу хэрэгтэйг нь тодорхойлж, үйлчилгээгээ төлөвлөн, үүнд шаардлагатай зардлыг төсөвт нь уялдуулж өгснөөрөө давуу талтай болсон. Жишээ нь, нийгмийн ажилтан үнэлгээ хийхдээ тухайн хүүхдийн наад захын хэрэгцээнд шаардлагатай багц бэлдэж очиж байна. Бэлгийн хүчирхийллийн хохирогч заавал өмгөөлөгчтэй байх ёстой бөгөөд зардлыг нь энэ төсвөөс гаргадаг. Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хүсэлтийг цахимаар шийдэж байгаа нь шуурхай тусламж үзүүлэхэд нэн дөхөм болсон” гэв. Нэг ёсондоо хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг өсгөж, зарцуулалтыг тодорхой болгосноор зорилтот бүлгийнхэн үр өгөөжийг нь бодитоор хүртэх болжээ.

Л.Сурмаа: Зорилтот бүлэгт хүрэхэд хүүхэд хамгааллын төсөв маш их нэмэртэй
Манай улс хүүхэд хамгааллын зардалд гар татаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Харин энэ онд улсын төсөвт 20.3 тэрбум төгрөг суулгаж, зардлыг өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин өсгөсөн. Тэгвэл санхүүжилт нэмэгдсэнээр хүүхэд хамгаалал сайжирсан эсэх талаар Л.Сурмаагаас тодруулахад “Өнгөрсөн жилд манай хороо 50 дуудлага л хүлээн авчээ. Харин хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор 100 гаруй дуудлага, мэдээлэлд кэйс үүсгэж, 50 гаруй “хавтаст хэрэг” нээж ажиллалаа. Нөхцөл байдлын үнэлгээ хийж, 15 гэр бүлд нь дэмжих үйлчилгээ үзүүлсэн. Мөн сэтгэл заслын эмчилгээнд хамруулснаар гурван хүн нь архинаас гарч, ажил хөдөлмөр эрхэлж байна. Үүний цаана гурван гэр бүл амар тайван амьдрах боллоо” хэмээн ярьсан.
Хамтарсан багийнхан 107, 108 тусгай дугаарт ирсэн дуудлагын дагуу болон хэсгийн ахлагч нарын мэдээллийн мөрөөр шуурхай хуралдаж, төлөвлөгөө боловсруулан ажилладаг юм билээ. Нийгмийн хүчин зүйлс, санхүүгийн хүрэлцээгүй байдал нь эцэстээ эхнэр, нөхрийн маргааны үндэс болж буйг Л.Сурмаа хэлсэн. Тэрбээр “Эхнэр нь гэртээ хүүхдүүдээ хардаг, нөхөр нь өр зээлээ дарахын тулд өдөр, шөнөгүй ажилладаг гэр бүл цөөнгүй. Нөхөр ажил ажил гэсээр эхнэр, хүүхдүүддээ хайр халамж үзүүлж чаддаггүй, харин эхнэр нь гэрийн ажилдаа түүртээд нөхөртөө санаа тавьдаггүй. Ингээд эхнэр, нөхрийн хооронд үл ойлголцол үүсэж, бие биеийнхээ үнэ цэнийг алдагдуулдаг. Эцэстээ энэ бүхэн нь хардалтаар төгсөж, уур бухимдлаа хүүхдүүддээ гаргаж буй нь харамсалтай. Ирсэн дуудлагын 40 орчим хувь нь үл хайхрах, 20 хувь нь сэтгэл санааны, мөн 30-40 хувь бие, махбодийн хүчирхийлэл байна. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хоёр хүүхдэд тусламж үзүүлж байгаа. Түүнчлэн эрэгтэйчүүд бас сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг” гэв.
Мөн тус хорооны Засаг дарга Э.Доржбал “Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хамгийн хэрэгцээтэй мэргэжилтэн байсныг анх томилогдож ирснээс нь хойш гаргасан ажлын үр дүнгээс харлаа. Урьд нь хамтарсан багийнхан ачааллаа дийлэхгүй, нэг кэйс дээр удаан, үр дүн гартал ажиллах боломж тааруу байв. Шинэ мэргэжилтэнтэй болсноор хүчирхийллийн хэргийн илүү гүнд нь орж ажиллаж, аль болох эвлэрүүлэн зуучлах, сэтгэл зүйг нь засаж, эмчлэхэд гол анхаарч байна. Нэг гэр бүлд үйлчилгээ үзүүлэх хугацаа хоёр дахин нэмэгдсэн” гэв. Тэрбээр хамтарсан багийн ахлагчийн хувиар цагдаа, эмнэлэг, сургууль, яам, тамгын газар, хэлтэс мэргэжилтнүүдийг холбох чиг үүрэгтэй ажилладаг юм байна. Түүнчлэн 18 дахь жилдээ нийгмийн ажилтнаар ажиллаж буй М.Мөнхцэцэг анх 2009 онд ажилд ороход хүмүүсийн амьдрал маш хүнд байсныг дурдав. Тэрбээр “Өвлийн хүйтэн галлагаагүй гэрт хүүхдээ усаар угжаад суудаг гэр бүл цөөнгүй байв. Одоо иргэдийн амьдрал арай дээшилсэн. Гэвч та, бидний төсөөлөөгүй хүнд амьдралтай, хүчирхийлэл, дарамттай орчинд олон зуун хүүхэд, хүн байсаар л” гэв.
Боловсролын салбарын хүүхэд хамгааллын асуудал ямар байна вэ?
Далд хэлбэрийн хүчирхийллийг ил болгоход хүн бүрийн оролцоо чухал. Зөвхөн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийн ажил биш бөгөөд үүнд төсөв мөнгө хуваарилах нь бүх яамдын үүрэг юм. Гэвч одоогоор салбарын яамнаас нь гадна Боловсролын яамныхан тусдаа төсөв баталжээ. Манай улсад цэцэрлэгт 257, ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган хүүхэд суралцаж буй. Эдгээр хүүхдийн хамгааллын асуудал боловсролын салбартай салшгүй холбоотой. Энэ тухайд Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Ж.Болормаагаас тодруулахад “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын зардлын 50 хувийг урьдчилан сэргийлэх, 30 хувийг хамгаалах, нөхөн сэргээх, 20 хувийг шуурхай тусламжийн үйл ажиллагаанд зарцуулдаг. Сургууль бүр хүүхэд хамгааллын багтай байна. Үүнд нийгмийн ажилтан, сургалтын менежер, анги удирдсан багш, эмч, сэтгэл зүйч, дотуур байрны багш, хоол зүйч нар багтдаг. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардал гэдэг хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, хамгаалах соён гэгээрүүлэх ажилд зарцуулж буй төсөв. Тухайлбал, хүүхэд хамгааллын талаарх сургалт, уралдаан, өдөрлөг, уулзалт, кампанит ажил, хүүхдийн сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, ухуулга, мэдээллийн самбар, видео, сурталчилгааны материал, хүүхдийн эрсдэл илрүүлэх, урьдчилан сэргийлэх судалгаа хийхэд зарцуулна. Хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаа гэдэг нь эмзэг бүлгийн, орхигдсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд шуурхай тусламж, дэмжлэг үзүүлэх, хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, хувцас, хоол, унаа зэрэг бодит тусламж, сэтгэл зүйн болон нийгмийн ажилтны үйлчилгээний болон гэрийн эргэлт, тохиолдол судлах, гэр бүлтэй уулзах зардал багтдаг. Харин шуурхай тусламжийн зардал гэдэг нь хүчирхийлэлд өртсөн болон өртсөн байж болзошгүй мэдээлэл, таамгийг хүлээн авах, тусгай дугаар бүхий харилцаа холбооны хэрэгсэл, утасны холбогдох төлбөр, яаралтай тусламж, үйлчилгээнд шаардлагатай техник хэрэгслийн болон холбон зуучлах тээвэр шатахууны өртийг тооцдог” гэв.
Хүүхэд хамгааллыг хувь хүний харилцааны асуудал мэтээр зохицуулж болохгүй
Манай улс хүүхэд хамгааллын зардлыг өмнөхөөсөө хавьгүй ихээр нэмсэн ч орон нутагт туулах чадвар сайтай автомашинаас эхлээд шийдүүлэх асуудал цөөнгүй байна. Тухайлбал, 21 аймгийн 16-17 нь туулах чадвар сайтай автомашингүй аж. Хамтарсан багийнхан бол онцгой, яаралтай тусламжтай адилхан үйлчилгээ үзүүлдэг хэмээн Д.Амараа мэргэжилтэн тодотгосон. Мөн тэрбээр “Аймгийн төвд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг газар маш цөөн. Хүүхэд хамгааллын үйлчилгээний салшгүй хэсэг нь гэр бүл, хүүхдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх. Гэтэл мэргэжилтэнгүй, байргүй бол яах вэ. Хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хүнд байгааг орон нутгийн удирдлага бүгд ярьж байна. Цаашид үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэнэ, үүнийг дагаад санхүүжилт өсөх шаардлагатай” гэлээ.
Хүүхдийн хамгааллын үйл ажиллагааг хөндлөнгөөс дүгнэж, хүүхдийн эрх, хамгааллын асуудалд анхаардаг газрын нэг нь Хүний эрхийн үндэсний комисс. Тус комиссын дарга Д.Сүнжид “Хүүхэд зодуулсан, хүчирхийлэлд өртсөн бүхий л дуудлагад хамтарсан багийнхан очиж ажилладаг. Хэдийгээр багийг Засаг дарга нь ахалж буй ч хамгийн гол ачааг нийгмийн ажилтан, цагдаа хоёр л үүрдэг. Тухайн багийнхан хэр сэтгэл, зүтгэлтэй ажиллаж буйгаас л хүүхэд хамгааллын асуудал шийдэгдэж байгаа харагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн мэргэжилтэн асуудлыг тоохгүй өнгөрөөвөл хүүхэд хохирч үлддэг. Хүн ам цөөтэй газарт бол хүчирхийллийн дуудлага байнга ирдэг айлыг “ингэж л байдаг” гээд тоохгүй орхисноос хүний амь эрсдэх ч аюултай. Нөгөө талаас хамтарсан багийнхан хэчнээн сайн ажилласан ч хамгаалах байргүй бол яах вэ. Хүчирхийлэлд өртсөн хүнийг тусгаарлах, аюулгүй газар байлгах нь нэн тэргүүний асуудал. Нийгмийн ажилтан нь гэртээ түр байлгасан тохиолдол ч бий. Төрийн механизм сайн ажиллахгүй байна. Хамгааллын асуудлыг хувь хүний харилцааны асуудал мэтээр харж болохгүй” гэв.
Энэхүү өгүүлэл “Өнөөдөр” сонины 2025 оны 11 дүгээр сарын 6-нд нийтлэгдсэн.

