“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл үр дүнгээ танилцууллаа

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг 2023-2025 онд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан багт хэрэгжүүлсэн юм. Уг төслөөр зорилтот газруудад сургуулийн багш ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, сурагчид болон хамтарсан багуудыг хамруулан сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлснээр үр дүнтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загвар бий болгох зорилготой байлаа.

Энэхүү төслийн хаалтын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод боллоо.

 

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нээж, хэлсэн үгэндээ “Өнөөдөр төслийн хэрэгжилтийн үр дүн болон цаашдын тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар ярилцаж байна. Бид хамтдаа төслөө амжилттай хэрэгжүүллээ. Энэ дашрамд төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ хэлэхэд таатай байна” хэмээн дурдлаа. Уг үйл ажиллагаагаар “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хэрэгжилтийн үр дүн, ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замууд, хамтарсан баг, эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хамгаалалд оруулах идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн туршлагуудаа танилцуулав.

 

Энэ үеэр “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөс хэрэгжилтийн үр дүнгээ танилцуулсан юм. Мөн Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Ховд, Говь-Алтай аймгийн Боловсролын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын төлөөллүүд төслийн хэрэгжилтээ дүгнэж, хэлэлцлээ. Боловсролын яамны Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого, зохицуулалтын газрын дарга М.Цогзолмаа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар төслийн үр дүнгийн талаар оролцогчдод танилцуулав. Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Төслийг хамтдаа хэрэгжүүлж, боловсролын салбарт шинэ арга аргачлалыг нутагшуулахаар хамтран ажилласан бүхий л талуудад талархлаа илэрхийлье” гэж онцлов.

 

Хүүхдийг Ивээх Сангаас “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг орон даяар түгээн дэлгэрүүлэх зөвлөмжийг Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэв.

Хаалтын арга хэмжээнд Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэл болон Ховд, Говь-Алтай аймгийн Боловсролын газар,  Хүүхэд, гэр бүлийн, хөгжил хамгааллын газар, төслийн зорилтот сургууль, хамтарсан багуудын төлөөлөл, суралцагчид, эцэг эхийн зөвлөлийн төлөөллүүд оролцов.

Төслийн үр дүнгийн тоо баримт:

– “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөлд Улаанбаатар хот болон Ховд, Говь-Алтай аймгийн нийт 14 ерөнхий боловсролын сургууль, 14 Хамтарсан баг хамрагдлаа.

– “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн үр шим 42,369 насанд хүрэгч, 49,114 хүүхдэд хүрчээ. Төслийн хяналт үнэлгээ, шинжилгээгээр эцэг эхийн зөвлөлийн гишүүдийн 79.4% нь сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах бүрэн боломжтой гэж үзсэн байна.

-Хамтарсан баг, сургуулийн хүүхэд хамгааллын үйлчилгээг хамтран үзүүлэх байдал 3.5 хувиар өссөн байна.

-Хүүхэд хамгааллын суурь орчин болох гэр бүлийн харилцааг сайжруулах зорилгоор явуулсан “Сайн эцэг эх” сургалтад 18,954 эцэг эх, асран хамгаалагчид хамрагджээ. Сургалтаас хойш оролцогчдын 60 хувьд нь хүүхдээ хүмүүжүүлэх хандлагад нь эерэг өөрчлөлт гарсан байна.

-Төслийн гарааны судалгаагаар багшийн зүгээс хүүхдэд бие махбодын болон сэтгэл санааны шийтгэл үзүүлэх байдал 68.7% байсан нь төгсгөлийн судалгаагаар 21.3% хүртэл буурчээ. Мөн сурагчдын 72% нь багшаасаа айхгүй, нээлттэй харилцаж чаддаг болсон нь хүүхдэд ээлтэй орчин бүрэлдэж байгааг илтгэж байна.

-Хүүхдүүд, хүүхдийн эрхийн зөрчлийг таньж, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хэнд, хаашаа, хэрхэн хандах талаар ойлголт мэдлэгтэй болов. Хүүхдүүдийн 72.05% нь эрх нь зөрчигдсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын байгууллага, багшдаа, сургуулийн хамгааллын багт мэдэгдэнэ гэж судалгаанд хариулжээ.

-Сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг бэхжүүлэх чиглэлээр оролцогч талуудыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх нийт 16 төрлийн гарын авлага, материалуудыг боловсруулан, хэвлэж дагалдах сургалтуудыг зохион байгуулжээ. Эдгээр сургалтуудад сургуулийн багш ажилтан, эцэг эх, хүүхдүүд, мэргэжилтнүүд нийт 20.000 гаруй хүн хамрагдсан байна.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролыг дэмжих, багшийн ажлыг илүү ойлгож хүндэтгэх, харилцан нээлттэй харилцах харилцааны хэлбэрүүд төлөвшсөн байна. Үүний үр дүнд хүүхдүүдийн 55.8% нь эцэг эхтэйгээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг болжээ.

-Өсвөр үеийнхэнд өөрийгөө болон үе тэнгийнхнээ халамжлах арга зүйд сургах, сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зорилготой “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрт 1850 хүүхэд хамрагдаж, үе тэнгийн дэмжигчээр бэлтгэгдэв. Эдгээр хүүхдүүд сургалтаар авсан мэдлэг, ур чадвараа бусад сурагчдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор 15 бичил төсөл боловсруулж, өөрсдөө хэрэгжүүлж, нийт 17,730,000 төгрөгийн санхүүжилт авчээ.