“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл үр дүнгээ танилцууллаа
Боловсролын яам Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) байгууллагын буцалтгүй тусламжаар “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг 2022-2025 онд амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү төслийн хаалтын арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотод болов.
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслөөр боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэлүүд болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт” гэсэн гурван бүрэлдэхүүний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй суралцагсдын ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлж, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, хосолсон сургалтын загварыг бий болгох замаар 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 273 ерөнхий боловсролын сургуульд хүрч ажилласан байна.
Тус төслийн Санхүүгийн зохицуулагчаар Австралийн Хүүхдийн Ивээх Сан ажиллаж, Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан төслийн үйл ажиллагааг дэмжиж ажилласан билээ.
Арга хэмжээг нээж, Боловсролын сайд П.Наранбаяр үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Боловсролын яам олон улсын байгууллагуудын санхүүжилт, тусламжаар бүх түвшинд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж ирсэн нэг жишээ бол Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) байгууллагын буцалтгүй тусламжаар гурван жилийн хугацаатай хэрэгжүүлсэн “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл юм. Энэ төсөл хэрэгцээ шаардлагатай газартаа хүрсэн гэдгийг онцлон тэмдэглэж байна. Төслийн санхүүгийн зохицуулагчаар ажилласан Хүүхдийг Ивээх Санд гүн талархал илэрхийлье” хэмээн дурдлаа.
Мөн Япон улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч Дэвид Цүнакаке “Япон улс нь боловсролын салбарын олон жилийн ололт, амжилтад тулгуурлан Монгол Улсад боловсролын чанар хүртээмжийг сайжруулахад тууштай дэмжлэг үзүүлж ирсэн. “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл нь Монгол Улсад боловсролын тэгш хүртээмжийг бодитоор нэмэгдүүлэх, хөгжлийн онцлог, газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн ялгаанаас үл хамааран хүүхэд бүр чанартай боловсролд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, цаг үеэ олсон, зөв чиглэлд хэрэгжсэн гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэлэв.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Өнөөдрийн байдлаар “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл нийтдээ 148 сургуулийн 225 мянган хүүхэд, багш, эцэг эхийг хамарч, Монгол Улсын боловсролын салбарын бодлого стандарт, хүний нөөц, сургалтын орчины хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна” гэж хэлсэн үгэндээ тодотгов.
Үүний дараа төслийн “Тэгш хамруулан сургах боловсрол” бүрэлдэхүүний хэрэгжилт, үр дүнг танилцуулж, тэгш оролцоо нөлөөллийн ажлын хэсгийнхэн оролцов. Мөн “Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ” бүрэлдэхүүний хэрэгжилт, үр дүнг танилцуулахад хоол тэжээлийн тусгай хэрэгцээт хүүхдийн хооллолтод дэмжлэг үзүүлэх аргачлалын хэсгээс хамтран оролцсон юм. Түүнчлэн төслийн гураь дахь “Хосолсон сургалт” бүрэлдэхүүн тус бүрийн хэрэгжилт, үр дүнг оролцогчдод танилцуулж, төсийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудад хийгдсэн хөрөнгө оруулалтыг VR хэлбэрээр үзүүллээ.
Арга хэмжээний төгсгөлд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүмүүст Боловсролын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тэргүүний ажилтан, жуух бичгээр шагнав.
Төслийн үр дүнгийн тоо баримт:
- “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 273 ерөнхий боловсролын сургуульд хүрч ажилласан байна.
- Ерөнхий боловсролын 197 сургуулийн 2,817 багшийг сургалтад хамрууллаа
- Улаанбаатар хот, орон нутгийн ерөнхий боловсролын 45 сургуулийн гал тогоонд шаардлагатай 3.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 22,000 орчим тоног төхөөрөмж, туслах хэрэгслийг нийлүүлж, иж бүрэн тохижуулав
- Төслийн зорилтот ерөнхий боловсролын 85 сургуульд хосолсон сургалт явуулах орчин бүрдүүлж, нийт 3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Цахим танхим” байгуулж өглөө- Нийт 20 сургуульд Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим байгуулж өглөө.
- Нийт 50 сургуульд хосолсон сургалт хэрэгжүүлэх цахим танхим байгуулж өгөв
- Нийт 59 сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, туслах хэрэгслээр хангалаа






