Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Хүүхдийг Ивээх Сан Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төслийг Сүхбаатар, Говьсүмбэр, Өвөрхангай, Завхан, Ховд аймгийн 29 суманд 2019-2025 онд амжилттай хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслөөр 14-25 насны өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх зорилготой байлаа. Өнөөдөр уг төслийг орон нутгийн дэмжлэгээр Өвөрхангай аймагт тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг нутагшуулах ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хүүхдийг Ивээх Сан  хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах цахим уулзалт 2025 оны 12 дугаар сарын 30-нд боллоо.

Уулзалтаар энэхүү төслийг нутагшуулж буй Орон нутгийн Удирдах зөвлөлийнхөн 2025 оны 9-12 дугаар сард хийсэн ажлын үр дүнгүүд болон 2026-2028 оны үйл ажиллагааны чиглэлээ танилцуулав. Мөн Өвөрхангай аймгийн болон  Хүүхдийг Ивээх Сангийн удирдлагууд уулзалтын оролцогчдод хандаж үг хэллээ. Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж “Хүүхдийг Ивээх Сан 2012 оноос Өвөрхангайд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн. Бид Өвөрхангайн хүүхэд багачуудад дэлхийн төвшний боловсрол олгох чиглэлд анхааран ажиллаж ирсэн. Цаашид ч анхаарч ажиллана. Үр дүн гарч, Өвөрхангай аймаг боловсролын үйлчилгээний чанараар Монгол  Улсдаа дээгүүр ордог боллоо. Үүнд хүүхэд багачууд, багш нарын хичээл чармайлт, цаашлаад олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжисний үр дүн гарч байна” гэж хэллээ. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Энэ төслийг Хүүхдийг Ивээх Сантай хамтран  Өвөрхангай аймагт хэрэгжүүлэх ажлыг дэмжсэн аймгийн удирдлагуудад талархал илэрхийлье. Өвөрхангай аймагт “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төсөл 7 суманд хэрэгжүүлснийг бүх сумандаа үргэлжлүүлэх болсонд баяртай байна” хэмээн үгэндээ онцлов.

Дашрамд өгүүлэхэд, “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төслийн ESEL хөтөлбөр нь Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрт заавал судлах хичээлийн нэг болж, 2024-2025 оны хичээлийн жилээс Монгол Улсын хэмжээнд бүх Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллежийн мэргэжлийн боловсролын 2-р ангид 10,000 орчим суралцагч судалж эхлээд байна.

ESEL сургалтын хөтөлбөрт хамрагдсан 3286 хүүхэд, залуус баг болж, орон нутагтаа тулгарч буй асуудлыг шийдвэрлэх бичил төслийн шалгаруулалтад орж, 1471 нь тэнцсэн байна.  Нийт 360 бичил төсөл хэрэгжүүлж, баг тус бүр 1000 ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг аван ESEL сургалтын хөтөлбөрийн хүрээнд эзэмшсэн мэдлэг ойлголт, ур чадвар, сэтгэлгээгээ бодитоор туршиж, бататгажээ.

Түүнчлэн тус төслөөр энтрепренершип боловсрол, үйл ажиллагааг орон нутагт түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сургуульд суурилсан энтерпрайз” санаачилгыг таван аймгийн зорилтот 6 сургуульд санхүүжүүлж, орон нутгийн хэмжээнд анх удаагаа амжилттай туршин хэрэгжүүллээ. Өвөрхангай аймгийн хувьд төслийн аргазүйг түгээж нутагшуулах ажлыг Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны 9 дүгээр сараас эхлэн орон нутгийн санхүүжилтээр  ESEL хөтөлбөрийг бүх Ерөнхий боловсролын сургуулиудад болон Насан туршийн суралцахуйн нэгжүүд дээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 8-11-р ангийн 528 сурагч, 14-35 хүртэлх насны 74 сумын залуус ESEL хөтөлбөрт хамрагдаад байна. 2026 оны 1 дүгээр сард ESEL хөтөлбөрийн төгсөгчид Бичил санхүүжилт олгох төслийн уралдаандаа шинэлэг санаачилга бүхий бүтээлч төслүүдээрээ оролцохоор бэлтгэж байгаа юм байна. Аймат төслийн аргазүйг түгээхэд аргазүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Орон нутгийн удирдах зөвлөл байгуулагдсан бөгөөд зөвлөлийн даргаар Аймгийн засаг даргын орлогч М.Батзориг, нарийн бичгээр даргаар ХИС-гийн Өвөрхангай аймаг дахь салбарын зохицуулагч Г.Батцэцэг нар томилогдож гишүүдээ хамтрагч байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд сонгогдоод байна. Мөн 19 суманд ЗДТГ-ын дарга нар болон Засаг даргын орлогчоор ахлуулсан 19  Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих зөвлөлүүд байгуулагдаж нийт 233 гишүүдтэй болоод байна. Энэ зөвлөл сумдад төслийн аргазүйг нутагшуулахад гол үүрэгтэй оролцох юм.

Өвөрхангай аймгийн ЗДТГ болон Хүүхдийг Ивээх сан Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар цаашид төслийн аргазүйг түгээх болон нутагшуулах ажлуудыг орон нутгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах үүрэг хүлээх бөгөөд үүний дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна.