Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төвд дизель генератор хүлээлгэж өглөө
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр эрүүл мэндийн төслийг Говь-Алтай аймгийн Чандмань суманд 2022 оноос хэрэгжүүлж байна. “Денан төсөл”-ийн санхүүжилтээр сумын эрүүл мэндийн төвд шүдний кабинет байгуулж, эмнэлгийн хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн, сумын эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа авахад дэмжлэг үзүүлж ирлээ. Үүнээс гадна 2023 онд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн шинэ авто машин хандивласан юм.
“Денан төсөл”-ийн санхүүжилтээр Чандмань сумын Эрүүл мэндийн төвд дизель генераторыг 2026 оны 1 дүгээр сарын 12-нд хүлээлгэн өглөө.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Тус сумын Эрүүл мэндийн төвд шүдний кабинет байгуулахаас эхлээд түргэн тусламжийн авто машин хандивлах зэрэг тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг үе шаттай хийж байна. Энэ удаа болзошгүй үед ашиглах нөөц цахилгаан үүсгүүр болох дизель генератор өглөө. Дизель генератор нь өндөр хүчин чадалтай, удаан хугацаад ашиглах боломжтой” хэмээн ярилаа. Дизель генератор хүлээн авсны дараа Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ “Манай сум цахилгаанаа Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос авдаг. Эрс тэс уур амьсгалтай, салхи шуурга ихтэй газар учраас цахилгааны тасалдал их үүсдэг. Чандмань суманд зарим сард цахилгаан 7-8 удаа тасарна. Үүнээс шалтгаалан эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалдах эрсдэлд ордог. Одоо цахилгаан дизель генератортой болсон учраас иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй хүргэж боломж бүрдлээ” гэж ач холбогдлыг нь дурдлаа.

DP33YD загварын DYNA POWER дизель генератор нь тогтмол ажиллах үедээ 30 кВаА /24 кВт цахилгаан өгөх хүчин чадалтай бөгөөд удаан хугацаанд ачаалалтай ажиллах боломжтой юм. Тиймээс үйлдвэрлэл болон нөөц цахилгаанд өргөн ашигладаг байна. Мөн суурин байрлуулахад тохиромжтой, бат бөх хийцтэй аж. Түүнчлэн цахилгаан тасрахад генератор автоматаар асаж, цахилгаан ирэхэд автоматаар унтарна.
Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр эрүүл мэндийн төслийг Говь-Алтай аймгийн Чандмань суманд 2022 оноос, Завхан аймгийн Түдэвтэй суманд 2025 оноос хэрэгжүүлж байна. Өмнө нь Архангай аймгийн Тариат, Эрдэнэмандал суманд амжилттай хэрэгжүүлсэн юм.

