Хүүхдийг Ивээх Сан, “Мэтагро” компани хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан, “Мэтагро” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Хамтын ажиллагааны санамж бичигт Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, “Мэтагро” компанийн Гүйцэтгэх захирал Б.Солонго нар Хүүхдийг Ивээх Сангийн байранд 2026 оны 1 дүгээр сарын 15-нд гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хүүхэд хамгаалал, малчин өрхийн хүүхдийн хөдөлмөрийн чиглэлээр судалгаа хийх, эрсдэлийн үнэлгээ хийх, ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх оролцогч талуудыг сургах, мэдээллээр хангах, чадавхжуулах зэрэг өргөн хүрээний урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон юм.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай тус байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт шинэлэг үйл ажиллагаа нэвтрүүлж буй “Мэтагро” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. Цаашид Хүүхдийг Ивээх Сан та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн хэллээ.

“Мэтагро” компанийн Гүйцэтгэх захирал Б.Солонго компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж, “Бид олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх өндөр хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг. Нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйд тулгамдаж буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон асуудлыг шийдэхэд манай компани хувь нэмрээ оруулахыг ямагт эрхэмлэдэг.  Олон улсад танигдсан Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар цаашид хоёр байгууллага урт хугацаанд олон талаар хамтран ажиллах үндэс суурь тавигдаж байна” хэмээн дурдав.

Хүүхдийг Ивээх Сан нь Монгол улсад 1994 оноос үйл ажиллагаа явуулж буй ОУ-ын байгууллага бөгөөд нь хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах зорилготой ажилладаг.

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай “Мэтагро”компани 2021 онд байгуулагджээ. Тус компани нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чандганы талд дэлхийн жишигт нийцсэн, үхэр бордох аж ахуй, олон улсын стандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, ухаалаг газар тариалан бүхий ХАА-н цогцолбор юм.