“Хүүхэд хамгаалал миний нүдээр” цахим ном гарлаа
“Хүүхэд хамгаалал миний нүдээр” сэдэвт эсээ бичлэг, гар зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлүүдээр энэхүү номыг эрхлэн гаргаж байна.
Хүүхдийг Ивээх Сан 2023–2025 онд Говь-Алтай аймагт хэрэгжүүлсэн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” чуулга уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 7-8-нд амжилттай зохион байгуулсан юм. Энэхүү чуулга уулзалт Говь-Алтай аймагт Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах салбар дундын хэлэлцүүлэг өрнүүлэх, тулгамдсан асуудлыг хамтран тодорхойлох, хүүхдэд хамгааллын болон боловсролын үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилготой байлаа. Тус арга хэмжээнд 18 сум, 2 тосгоны удирдлагууд болон хүүхэд хамгаалах чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй хүн оролцжээ.
Хүүхдийг Ивээх Сангаас чуулга уулзалтыг угтаж, хүүхдийн эрх, хамгааллын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг дэмжих, тэдний дуу хоолойг урлагаар дамжуулан илэрхийлэх зорилгоор “Хүүхэд хамгаалал миний нүдээр” сэдэвт гар зураг болон эсээ бичлэгийн уралдааныг 6–18 насны хүүхдүүдийн дунд 2025 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 2-ны хооронд аймгийн хэмжээнд зарлаж дүгнэсэн юм. Уралдаанд оролцогчид нь хүүхдийн эрх ба эрхийн зөрчил, хүүхэд хамгаалал, сургууль болон гэр бүлийн орчин дахь аюулгүй байдал, хүчирхийллээс ангид байх, хайр халамж, тэгш боломж, тусгай хэрэгцээт хүүхдийн асуудлууд гэх мэт сэдвээр өөрийн ойлголт, санаагаа илэрхийлсэн зураг, эсээ ирүүлж өрсөлдсөн байна.

Энэхүү номонд Говь-Алтайн хүүхэд, багачуудын хүсэл мөрөөдөл, бодол санааг тусгасан “Хүүхэд хамгаалал миний нүдээр” эсээ бичлэгийн уралдааны 84, гар зургийн уралдааны 54, нийт 138 хүүхдийн бүтээлийг багтаалаа.
Та бүхэн номыг доорх холбоосоор бүрэн эхээр нь уншиж, үзэж танилцана уу.
https://savethechildren.mn/wp-content/uploads/2026/01/Ebook_2025.pdf

