Боловсролын сайд П.Наранбаяр Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан хүүхэд хамгаалал, боловсрол, хүүхдийн ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Хүүхдийг Ивээх Сан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой ажилладаг.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр болон Боловсролын яамны ажилтнууд 2026 оны 1 дүгээр сарын 27-нд Хүүхдийг Ивээх Сангийн Улаанбаатар хот дахь төв байранд зочилж, тус байгууллагын удирдлага болон ажилтнуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай цаг гарган хүрэлцэн ирсэнд Боловсролын сайд П.Наранбаяр болон тус яамны ажилтнуудад талархлаа илэрхийлж, байгууллагынхаа үйл ажиллагаа болон хүүхэд хамгаалал, боловсролын чиглэлээр сүүлийн таван жилд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулав. Тэрээр Хүүхдийг Ивээх Сангаас боловсруулсан ЕБС-ийн хүүхэд хамгаалалын үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар, “Сайн эцэг эх” сургалтын гарын авлага, “Хүүхэд хамгаалал ба багшийн ёс зүй” зэрэг гарын авлагыг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх тал дээр Боловсролын яамтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой Боловсролын сайдын асуултад менежер, зохицуулагчид дэлгэрэнгүй хариулж, төслийн хүрээнд гаргасан ном, гарын авлага, сургалтын материалуудаа өглөө.
Хүүхдийг Ивээх Сан нь Боловсролын яам болон түүний харьяа агентлаг, газруудтай хамтран боловсрол, хүүхэд хамгааллын олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлсэн юм. Эдгээрийн нэг нь “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл байв. Энэхүү төслийг Боловсролын яам Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) байгууллагын буцалтгүй тусламжаар 2022-2025 онд хэрэгжүүлсэн бөгөөд Хүүхдийг Ивээх Сан санхүүгийн зохицуулагчаар ажиллажээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтын үеэр “Өнөөдөр Хүүхдийг Ивээх Сан дээр өөрийн биеэр ирж, тус байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Төслийн үр дүнд бий болсон сургуульд шууд нэвтрүүлж болохуйц олон арга зүй, аргачлалыг Боловсролын яамтай цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой. Сургуулийн орчинд Хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах чиглэлээр та бүхний туршлага дээр үндэслэн бий болгосон багш, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага, арга зүйг бусад сургуулиуд дээр нэвтрүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн, боловсролд тэгш хамруулах болон ESEL буюу хүүхэд залууст энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар олгох сургалтыг эрчимжүүлэх талаар ярилцья. Боловсролын яам та бүхэнтэй цаашид бүх талаар хамтран ажиллана. Өнөөдрийн энэ уулзалт Хүүхдийг Ивээх Сангийн хөгжлийн шинэ үе шатны эхлэл, эргэлтийн цэг болоосой гэж бодож байна” гэж хэллээ.
Энэ үеэр Хүүхдийг Ивээх Сан болон Боловсролын яам ойрын хугацаанд хоёр байгууллагын хооронд Санамж бичиг зурж, тодорхой чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцов.
Хүүхдийг Ивээх Сан нь дэлхийн 100 гаруй улсад хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг төрийн бус байгууллага бөгөөд Монголд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.Энэ хугацаанд тус байгууллага хүүхэд хамгаалал, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 40 орчим сая ам.долларын төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлсэн юм.


