Хүүхдийг Ивээх Сан, нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан, нийслэлийн Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэхүү санамж бичигт Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн хороодод ажиллаж буй хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг арга зүйгээр дэмжих, чадавхжуулах, сургалт зохион байгуулах, ажлын байранд нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоо, санаачилгыг дэмжих, сургалт нөлөөллийн үйл ажиллагаанд хамруулж, чадавхжуулах, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Чингэлтэй дүүргийн иргэд олон нийтийг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг хамтран хэрэгжүүлэх зэрэг ажлууд хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Хүүхдийг Ивээх Сан нь Монгол улсад 1994 оноос үйл ажиллагаа явуулж буй ОУ-ын байгууллага бөгөөд нь хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах зорилготой ажилладаг. Өнөөдөр Хүүхдийг Ивээх Сан хүүхэд хамгаалал, боловсрол, хүүхдийн ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг нь хүүхдэд хамгааллыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилладаг. Энэ ч утгаараа үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Тодруулбал, дүүргийн бүх ЕБС-ийг усан бассейнтай болгох ажил эхлээд 23, 37, 39 дүгээр сургуульд барилгын ажил үргэлжилж байна. Мөн дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд шүдний кабинет байгуулан ажиллаж байгаа бол ерөнхий боловсролын хоёр сургуульд ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын амны хөндийн төсөл хэрэгжиж дуусаад улсын хэмжээнд жишиг төсөл болон хэрэгжиж эхлээд байна. Түүнчлэн өсвөр насны охидод бэлгийн боловсрол олгох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургагч багш бэлтгэх сургалт, “Шийтгэл бол шийдэл” биш зэрэг аяныг зохион байгуулжээ.

Энэ онд Чингэлтэй дүүрэг сургууль, цэцэрлэгийнхээ камержуулалтыг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг орчмын хулгай, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аюулгүй орчныг сайжруулна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудаа ухаалаг самбартай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан байна. Мөн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв барихаар төсөв баталжээ. Ингэснээр хүүхэд залууст чиглэсэн цогц арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэх юм байна.

