Хүүхдийг Ивээх Сан Ховд аймагт “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл хэрэгжүүлж эхэллээ

Хүүхдийг Ивээх Сан “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр 2026 оны 1 дүгээр сараас Ховд аймагт хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нээлт 2026 оны 2 дугаар сарын 4-нд Ховд аймгийн ЗДТГ-ын “Иргэний танхим”-д болов. Энэхүү төсөл Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн нийт 18 сургууль, 18 хамтарсан багт хэрэгжих юм.

Төслөөр Хүүхдийг Ивээх Сангийн боловсруулсан хүүхэд хамгааллын арга зүй, хөтөлбөрүүдийг холбогдох яамд агентлагуудаар баталгаажуулан түгээн дэлгэрүүлснээр боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын механизмын тогтвортой байдлыг хангаж, бэхжүүлэх зорилттой юм. Мөн хүүхдийн эрхийн зөрчил түүн дотроо үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг багш, сурагчдад эзэмшүүлэх юм. Түүнчлэн сургууль, дүүрэг, орон нутгийн түвшний үүрэг хүлээгчдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээг хүүхдэд үзүүлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авах мэдлэг, ур чадвар олгох зорилтттой.

Төслийн нээлтэд Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, орлогч дарга М.Баярт, аймгийн Боловсролын газар, ГБХЗХГ, Жаргалант сумын ЗДТГ, төслийн зорилтот сургуулиуд болон хамтарсан багийн төлөөллүүд, Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, ажилтнууд оролцлоо.

 

Энэ үеэр Хүүхдйиг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар хамтын ажиллагаагаа баталгаажуулж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Хүүхдйиг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Ховд аймагт өмнө нь хүүхэд хамгааллын төсөл гурван жил амжилттай хэрэгжсэн. Энэ төсөл хүүхдийг аюулгүй орчинд сурч, хүмүүжих боломж бүрдүүлж, үүнд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулах юм. Төсөлд багш, ажилтнууд, хүүхэд хамгаалал, боловсролын салбарын мэргэжилтнүүд, хамтарсан багийн гишүүд, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, төрийн байгууллагуудын ажилтнууд хамрагдах бөгөөд 2026 оны нэгдүгээр сараас эхэлж, гурван жил үргэлжилнэ” хэмээн хэлллээ.

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа “Манай аймагт “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл хэрэгжсэнээр сургуулийн орчны хүүхэд хамгааллын ажил бодитоор сайжирч, хамтарсан багийн уялдаа нэмэгдсэн. Мөн эцэг эх, багш, сурагчдын оролцоо нэмэгдэж, сургуулийн хүүхэд хамгааллын тогтолцоо илүү тогтвортой болсон. Энэ сайн жишиг, бодит үр дүнд суурилан “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл манай аймагт  хэрэгжих болсонд баяртай байна. Төсөл илүү өргөн хүрээнд, тогтвортой үр дүнг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд бүрийн аюулгүй, хөгжлийн ээлтэй орчныг бүрдүүлэхэд манай аймагт чухал хөрөнгө оруулалт болно” хэмээн онцлов.

 

Нээлтийн үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын Хөтөлбөрийн ажилтан Э.Оюунмаа төслийн зорилгын талаар оролцогчдод танилцууллаа.

Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Б.Цэрэндаваа төслийн ач холбогдлыг онцлохдоо “Энэ төсөл хүүхэд хамгааллын тогтолцоог сургуулийн түвшинд бэхжүүлэх, багш, сурагч, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. Төслийн хүрээнд бий болох сайн туршлага, арга зүйг аймгийн бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлж, тогтвортой үр дүнд хүргэхээр бид бүх талаар дэмжин ажиллана” хэмээн тэмдэглэв.

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Түнжээ төслийн хэрэгцээ шаардлагын талаар “Манай аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, уялдаа холбоог сайжруулах бодит хэрэгцээ маш их бий. Хүүхдэд чиглэсэн аливаа эрсдэлийг эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авахын тулд хамтарсан багийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг тогтмол сайжруулах шаардлагатай байгаа юм. Энэ төсөл хамтарсан багийг практик арга зүй, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадамжийг бэхжүүлж, байгууллагуудын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгох чухал”  гэж онцлов.

“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн зорилтот бүлэг нь ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд,  хүүхэд хамгаалал, боловсролын салбарын мэргэжилтнүүд, хамтарсан багийн гишүүд, 6-12 дугаар ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, орон нутгийн төрийн байгууллагуудын ажилтнууд байна.

Дашрамд өгүүлэхэд, 2023–2025 онд Хүүхдийг Ивээх Сан “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Ховд аймагт амжилттай хэрэгжүүлсэн юм.