Эцэг эх, олон нийтэд мэдээлэл өгөх өдөрлөг боллоо
“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Эцэг эх, олон нийтэд мэдээлэл өгөх өдөрлөг”-ийг 2026 оны 2 дугаар сарын 6-нд Амгалан цогцолбор сургууль дээр зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үеийн оролцоо дэмжлэг үзүүлэхэд эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор олон нийтэд үнэ төлбөргүй мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой байлаа.
“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн менежер Аканэ Накамура өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхнийг өөрсдийн хүүхдэдээ их хайртай, тэднийгээ халамжилдаг, тэднийхээ төлөө санаа зовнидог, ирээдүйд нь хувь нэмрээ оруулах чин сэтгэлтэй хүмүүс хэмээн харж байна. Хүүхэд бүр онцлог ялгаатай. Үүнийг эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилчид бүгд ойлгож, хүүхдээ эрт үед нь ирүүлж, тохирсон арга барилаар чиглүүлбэл хүүхдүүд өөр өөрийнхөө хүссэн мэргэжил, чиглэл авьяас чадвараа хөгжүүлэх боломжтой. Та бүхэн өөрсдийн мэдэхийг хүссэн зүйлээ өнөөдрийн ар хэмжээнээс олж авна хэмээн найдаж байна” гэж тодотгов.

Тус арга хэмжээнд Монголын Аутизмын холбоо, Монголын Дауны Холбоо, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Сонсголгүйн боловсрол ТББ, Эрт оролцоо_цогц хөгжил ТББ хамтран оролцов.
Монголын Аутизмын холбооны сургалт хариуцсан менежер Г.Ууганбаяр “Эцэг эхчүүдийн хувьд сургуульд орох гэж байгаа хүүхдийнхээ талаар асууж байна. Тухайлбал, хүүхэд маань ярихгүй байна, хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэх мэт. Бага ангийн багш нарын хувьд, хоёр жил сураад бичиг үсгээ сураагүй, уншиж, тоолж чадахгүй хүүхэд байна. Би цаашид ямар байдлаар эдгээр хүүхдүүдийг хөгжүүлэх вэ гэж асууж байна. Хүүхдийг 9,18,3 сартайд нь хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг оношилж, хүүхэд бүрийн онцлогт тохирсон арга хэмжээг цэцэрлэг сургуульд орохоос өмнө авах нь шаардлагатай” хэмээн ярилаа.

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оноос Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгох юм.

