Хүүхдийг Ивээх Сан, Завхан аймгийн Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуультай санамж бичиг байгуулав
Хүүхдийг Ивээх Сан нь 2025 оноос Завхан аймгийн Түдэвтэй суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслөөр тус сумын эрүүл мэндийн төвд иж бүрэн шинэ шүдний кабинет байгуулан, 2025 оны 4 дүгээр сард хүлээлгэн өгч, сургуулийн сурагчдын дунд эрүүл мэндийн клуб байгуулсан билээ. Тус төслийн талаарх мэдээллийг www.savethechildren.mn -ээс уншина уу.
Эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хүүхдийг Ивээх Сан нь Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан үдийн цайны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон бөгөөд энэ зорилгын хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Амаржаргал нар Хүүхдийг Ивээх Сангийн байранд 2026 оны 3 дугаар сарын 4-нд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан үдийн цайны хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашид төслөө өргөжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шинэ төсөл боловсруулахад мэдээллээ солилцох зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Энэ үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай тус байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж болон эрүүл мэндийн төсөл Түдэвтэй суманд амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглэв. Тус суманд байгуулсан шүдний кабинет өнөөдөр шүдний ёзоор, шүд цоорол, сувгийн эмчилгээ, түрхлэг зэрэг шүдний эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Түүнчлэн Түдэвтэй сумын иргэдээс гадна тойргийн Асгат, Сонгино, Баянтэс, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Сантмаргац, Цэцэн-Уул зэрэг есөн сумын иргэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдсэн байна.
Тэрээр мөн, “Хүүхдийг Ивээх Сан Түдэвтэй сумын ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан Үдийн хоол төслийг туршилтын журмаар хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. Энэхүү санаачилгыг дэмжсэн сургуулийн удирдлага, эцэг эхчүүдэд талархал дэвшүүлье. Хүүхдийг Ивээх Сан болон манай санхүүжүүлэгч “ДЕНАН” байгууллагын зүгээс 2026 оны 12 дугаар сар хүртэл төслийг санхүүжүүлэх бөгөөд цаашид бид аймаг, орон нутгийн байгууллагууд, сургууль, эцэг эхчүүдийн оролцоотойгоор үргэжлүүлэх боломж бүрдэнэ хэмээн найдаж байна” гэлээ.
Ч.Амаржаргал:Үдийн хоолны хөтөлбөрт хамрагдаагүй дунд, ахлах ангийнханд өлсөж, ядрах тохиолдол ажиглагддаг

Санамж бичиг байгуулах үеэр Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Амаржаргалаас дараах тодруулгыг авлаа.
– Та сургуулийнхаа талаар товч танилцуулна уу?
– Манай сургууль 310 сурагчтай, 47 багш, ажилтантай. хүүхэд суралцаж байна. 6-12 дугаар ангийн ахлах бүлэгт 180 гаруй хүүхэд суралцдаг. Өнөөдөр 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолны хөтөлбөрт хамрагдаж байгаа.
-Ахлах ангийн сурагчид сургууль дээрээ өдөрт хэдэн цагийн өнгөрөөдөг вэ. Тэдэнд зориулсан үдийн цайны хэрэгцээ шаардлага хэр байгаа вэ?
-6-9 дүгээр ангийн сурагчид өдөр бүр 7-8 цагийн хичээлтэй байдаг. 8.30 цагаас хичээл нь эхэлж, үдийн 14.00 цагт дуусна. Өглөө цайгаа ууж амжаагүй хүүхдүүд 14.00 цаг хүртэл хичээл хийхэд нэлээд бэрхшээлтэй. Сургууль дотроо цайны газар байхгүй. Дунд, ахлах ангийн сурагчдад өлсөж, ядрах тохиолдол түгээмэл ажиглагддаг. Тиймээс хүүхдүүд үдийн хоолны хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ төсөлд гаргасан.
-Хүүхдүүд ямар шалтгаанаар өглөөний цайгаа ууж амжихгүй тохиолдлууд гарч байна вэ?
-Олон төрлийн шалтгаан бий. Боломжгүй айлууд ч байгаа. Боломжтой атлаа хүүхдээ өглөө эрт сэрээж, цайг нь уулгаад явуулж амжихгүй айлууд ч бас байна. Цөөн тооны хүүхдүүд өглөөний цайгаа тогтмол уугаад, хоолоо бэлдээд ирж байгаа.
-Үдийн хоолоо хаана бэлтгэх вэ?
– Сургуулийн дотуур байр гал тогоотой. Энд 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн үдийн хоол бэлтгэж байгаа. Энд ахлах ангийн сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл явуулах боломжтой.
– Хүүхдүүд хичээлийн завсарлагаар хоол авч идэх газар байдаг уу?
– Сумын хувьд хүүхдүүд хичээлийн дундуур хоол худалдан авч идэх газар байхгүй. Дэлгүүр сургуулиас 500 метрийн зайтай. Завсарлагааны үеэр амжиж очих боломжгүй. Нөгөө талаас хүүхдүүд өөрсдийнхөө эрүүл мэндэд ашиг тустай хоол авч иддэггүй.
-“Денан төсөл”-ийн байгуулсан Эрүүл мэндийн клубын үйл ажиллагаа хэр явагдаж байна вэ?
– Өнөөдөр сургуулийн эмч клубын үйл ажиллагааг чиглүүлж байна. Сургалтуудаа 7 хоногт нэг сэдвээр ангиудад явуулдаг. Тухайлбал, амны хөндийн ариун цэвэр, хүнсний эрүүл ахуй, эрүүл зөв хооллолт гэх мэтийн эрүүл мэндийн олон хэрэгцээтэй сэдэв сонгодог.

