“Өсвөрийн энтрепренерүүд” клубийн сурагчид өв соёлоосоо суралцлаа
Өвөрхангай аймаг 2025 оны 9 дүгээр сараас эхлэн “Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох нь” төслийн аргазүйг нутагшуулах ажил эхлүүлсэн бөгөөд 2026 оны 12 сард Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хүүхдийг Ивээх Сан харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.
Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалт (ESEL) хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 30 сургуулийн 582 сурагч, 74 сумын залуус амжилттай хамрагдаад байна. ESEL хөтөлбөр төгссөн сурагчдыг “Өсвөрийн энтрепренерүүд” клубүүдэд нэгтгэн ажиллаж байгаа юм. Эдгээр клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Арвайхээр хотын ерөнхий боловсролын 6 сургуулийн дунд “ Өв соёлоосоо суралцъя” арга хэмжээг аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс санаачлан, 3 Мөрөөдөл Монгол уламжлалт тоглоомын төвтэй хамтран 2026 оны 3 дугаар сарын 12-нд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Арвайхээр хотын ерөнхий боловсролын сургуулиуд дээр ESEL хөтөлбөрт хамрагдаж төгссөн 38 сурагч оролцлоо. Арга хэмжээ нь “Өсвөрийн энтрепренерүүд” клубийн сурагчдыг идэвхжүүлэх, клубүүдээр дамжуулан өв уламжлалаасаа суралцахад уриалах, бичил төсөл хэрэгжүүлсэн болон клубийн туршлагаас суралцах зорилготой байлаа. Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн сурагч Пүрэвбат бичил санхүүжилт авч хэрэгжүүлсэн төслүүд болон “Өсвөрийн энтрепренерүүд” клубийн туршлагаасаа хуваалцлаа. Оролцогчид Монгол тоглоомын өртөөгөөр аялж, Уран бэрийн гогцоо, Шагай шүүрэх, Алаг мэлхий, 9 оньс, морь уралдуулах зэрэг тоглоомууд тоглож, хоорондоо танилцав. Оньсон тоглоомуудын аргаас бүх оролцогч суралцсан бөгөөд сурсан тоглоомоороо өрсөлдлөө. Аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс Өвөрхангай аймгийн Политехник коллежийн бичил санхүүжилт олгох “ Шагайн наадгай” багийн 180,000 төгрөгийн Алаг мэлхий багцийг худалдан авч, хамгийн идэвхтэй оролцсон нэг клубийг урамшуулсан бөгөөд бүх “Өсвөрийн энтрепренерүүд” клубүүдэд багт оньсон тоглоомууд талархлын хамт өглөө. Үйл ажиллагааны төгсгөлд Хүүхдийг Ивээх Сангийн салбарын зохицуулагч Г.Батцэцэг “Өсвөрийн энтрепренерүүд” клубийн өөрийн үнэлгээ хэрхэн хийх зааварчилгаа өгсөн бөгөөд клубээрээ уулзаж өөрийн үнэлгээ хийж, цаашдын төлөвлөгөө гаргах даалгавар клүбүүдэд өглөө.

