Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төсөл үр дүнгээ танилцуулж, туршлагаа хуваалцав
Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын 5 салбар комисс, 10 хүүхдийн цэцэрлэг, 10 Өрхийн эрүүл мэндийн төвд түшиглэн хэрэгжиж байгаа билээ.
“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн үр дүнг танилцуулж, хоёрдахь жилд хуримтлуулсан туршлагаасаа хуваалцах уулзалт 2026 оны 3 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод Блю-Скай зочид буудлын хурлын танхимд боллоо.

Тус уулзалтыг нээж, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай үг хэллээ. Тэрээр “та бүхэнд төсөл хэрэгжүүлж ирсэн энэ хугацаанд хуримтлуулсан үр дүн, сургамж, туршлагыг дүгнэж хэлэлцэж, цаашид сайжруулах асуудлуудаа тодорхойлохыг хүсье” хэмээн хэллээ.
Япон улсын Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Такаши Үмеда уулзалтад уригдан оролцож, хэлсэн үгэндээ “Энэ төслөөр дамжуулан өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс болон цэцэрлэгүүдэд чиглэсэн үйл ажиллагаанаас ямар үр дүн гарсан талаар хуваалцаж, идэвхтэй санал солилцсоноор төслийн өнгөрч буй жилийн үйл ажиллагааг эргэн харж, дүгнэх чухал ач холбогдолтой юм” гэж онцлов.

Боловсролын яам, Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд болон хэлтсийн дарга нар бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих бодлого, хэрэгжилтийн талаар тус тус танилцуулж, оролцогчдын асуултад хариуллаа.
Түүнчлэн Хүүхдийг Ивээх Сангийн Боловсролын хөтөлбөрийн менежер А.Баярмаа “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн үр дүн, сургамжийг нэгтгэн танилцуулав.
Төсөл хэрэгжиж буй зорилтот газруудыг төлөөлж нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ээлтэй” болон “Анан” өрхийн эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн 320 дугаар цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн 3 дугаар цэцэрлэг, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, 1-р цэцэрлэг зэрэг газрууд төслийн үр дүнгээ танилцуулж, сайн туршлагаасаа хуваалцсан юм.

Туршлага солилцох уулзалтад төслийн зорилтот зорилтот цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төв, орон нутгийн боловсрол, эрүүл мэндийн газар, салбар комисс, Боловсролын яам, Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газрын төлөөллүүд, зөвлөхүүд, хамтрагчид зэрэг 70 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр төслийн зорилтот аймгуудын төлөөллүүдтэй уулзаж, дараахь ярилцлагуудыг авсан юм.
Ц.Долгорлхам: Tэгш хамруулан сургах онол арга зүйн мэдлэгийг багш нар, эцэг эхчүүдээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлж байна

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын сургууль, цэцэрлэгийн “Баян ойт” цогцолборын захирал Ц.Долгорлхамтай ярилцлаа.
–Төсөл хэрэгжиснээс хойш ямар үр дүнгүүд гарч байна вэ?
–Манай аймагт “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төсөл 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Төсөл хэрэгжсэнээр бага насны ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг танин мэдэх, тэдэнтэй ажиллах арга зүйн чиглэлээр эцэг эх, багш ажилчдадаа мэдээлэл, сургалт өгөх боломжоор бүрэн хангаж өгсөн. Мөн ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг иж бүрэн тохижуулж байгууллаа. Төслийн хүрээнд тэгш хамруулан сургах онол арга зүйн мэдлэгийг багш нар, эцэг эхчүүдээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлж байна.
–Эцэг эхчүүдийн хандлага ойлголт өөрчлөгдөж байна уу?
-Эцэг эхчүүд бага насны хүүхдийн эрт илрүүлгийн ач холбогдлын талаарх мэдээллийг сургууль, цэцэрлэгээр дамжуулж өгөхөөр илүү ойлгон хүлээж авч байгаа.
–Багш нарын хувьд ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах ур чадвараа хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
–Төслийн хүрээнд манай цогцолборын багш нар хөгжлийн бэрхшээлийг анхан шатанд ялган таних мэдлэг олж авсан. Түүнчлэн дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй болсон байгаа.
П.Амарсанаа: Төсөл цаг үеэ олсон, нийгмийн хэрэгцээ шаардлагатай байсан

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгч П.Амарсанаатай ярилцлаа.
-Цэцэрлэгийнхээ талаар товч танилцуулна уу?
-Манай цэцэрлэгт аймгийн төвийн 4, 8-р багийн 450 хүүхэд хамрагддаг. Нийтдээ 26 багштай, 20 бүлгээр, хичээлийн 2 байранд үйл ажиллагаа явуулж байна. Энгийн 18 бүлэг, 24 цагийн үйл ажиллагаатай 2 анги бүлэгтэй.
–Төсөл хэрэгжсэнээр гарч байгаа ямар үр дүн байна вэ?
– Төсөл цаг үеэ олсон, нийгмийн хэрэгцээ шаардлагатай байсан. Өнөөдөр багш нар энгийн бүлэгт тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг авч ажиллахад эрх зүйн орчин нэлээд сайжирсан байна. Гарын авлага, материалууд олон болсон. Хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, Хүүхдийг Ивээх Сангаас “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг манай цэцэрлэг дээр байгуулж холбогдох сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан. “Хүүхэд хөгжлийн танхим”-д зөвхөн тусгай хэрэгцээтэй хүүхдүүд биш нийт хүүхдүүд сурч, хөгжих боломж бүрдсэн. Түүнчлэн эцэг эхчүүд ирж танилцах, ярилцах амьд харилцаа үүсгэх гүүр болж өгсөн байгаа.
-Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллах багш нарын ур чадвар хэр нэмэгдэж байна вэ?
– Өмнө нь энэ чиглэлийн сургалт хомс байлаа. Одоо тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр бүх багш, бүх эцэг эхчүүд анхны мэдэгдэхүүнтэй болж байна. Ялангуяа багш нар үе шаттай нарийвчилсан сургалтуудад хамрагдаж, хүүхэдтэй хэрхэн ажиллах, эцэг эхчүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулах, тэдний хандлагыг нь өөрчлөх арга зүйтэй болсон. Тиймээс ямар нэг төвөг бэрхшээлгүй хүүхэдтэйгээ ажиллаж, эцэг эхтэй хамтарч, хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Нийт дөрвөн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн ердийн ангид суралцаж байна. Тойргийнхоо сургуульд хоёр тусгай хэрэгцээтэй хүүхэд бэлтгэж өгсөн. Төсөл үр дүн ахицтай байгаа.

