Мицүаки Тоёода “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хэрэгжилттэй танилцлаа
Японы Хүүхдийг Ивээх Сангийн Шинэ бизнес хөгжил, институцийн түншлэл хариуцсан менежер бөгөөд Монгол дахь хөтөлбөрийн захирал Мицүаки Тоёода 2026 оны 3 дугаар сарын 18-26-нд Монголд зочилж байна. Мицүаки Тоёода 3 дугаар сарын 21-нд Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч Л. Баян-Алтайн хамтаар “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбайд зочлон төслийн үйл явцтай газар дээр нь танилцлаа.

2026 оны байдлаар “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбайд 1,000 гаруй иргэн (тэдгээрийн 82% нь хүүхэд)-ий оролцоотойгоор 23 төрлийн 4,100 гаруй мод тарьсан байна. Мөн төслийн талбайд хашаа болон хоёр хүлэмж барьж, нарны эрчим хүчээр ажиллах усалгааны системийг байгуулсан юм. Түүнчлэн дүүргийн иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгынхоо хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр сургагч багш, насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулсан гурван гарын авлага боловсруулжээ. Үүнээс гадна 50 сургагч багш бэлтгэж, 2,000 гаруй иргэнийг уур амьсгалын өөрчлөлтийн тухай сургалтад хамруулаад байна.
Мицүаки Тоёода төслийн хэрэгжилт, өнөөгийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, уг төслийг Монголын бусад бүс нутагт загвар болгон хэрэгжүүлбэл сайн жишиг болох юм байна гэж дүгнэлээ. Түүнийг төслийн талбайд зочлох үеэр талбайд тарьсан гацуур модыг Японы Хүүхдийг Ивээх Сангийн нэрэмжит болгон бэлэглэсэн юм.

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл нь Налайх дүүрэгт ойн төгөл байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Налайх дүүргийн иргэдэд мод тарих чиглэлээр мэдлэг олгох, сургууль, коллеж, МСҮТ-үүдийн суралцагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх юм.

