Хүүхдийг Ивээх Сан, Баянгол дүүргийн ИТХ-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Хүүхдийг Ивээх Сан, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ИТХ-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөөгч Л.Баян-Алтай, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Өлзийнаран нар 2026 оны 3 дугаар сарын 26-нд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөөгч Л.Баян-Алтай Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчдөд байгууллагынхаа хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдөө танилцуулж, хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлэн, Хүүхдийг Ивээх Сан та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэлээ.
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Өлзийнаран хамтран ажиллахад таатай байгаадаа илэрхийлж, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, эцэг эхийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр Хүүхдийг Ивээх Сангаас авах арга зүйн зөвлөгөө олон байна хэмээн ярилаа.

Талууд энэхүү санамж бичгийн хүрээнд хүүхдийн эрх, хамгаалал, хөгжил, оролцооны чиглэлээр бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулахад хамтран ажиллах, хүүхэд, гэр бүлтэй ажиллаж буй мэргэжилтэн, багш, нийгмийн ажилтан, хамтарсан багийн чадавхыг бэхжүүлэх сургалт, арга зүйн дэмжлэг, зөвлөн туслах үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхлийг бууруулах чиглэлээр соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, тэгш хамруулах сургалтын арга зүйг түгээн дэлгэрүүлэн зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах юм.
Хүүхдийг Ивээх Сан Баянгол дүүргийн ерөнхий боловсролын олон сургуулиуд, хороодын Хамтарсан багт төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байсан юм.


