Шинжлэх ухааныг амьдралд ойртуулсан багш

Япон, Индонез, Турк зэрэг улсуудтай харьцуулахад Монголд газар хөдлөлт түгээмэл тохиолддоггүй. Тиймээс Монголчууд газар хөдлөлтийг тэр бүр бодитоор төсөөлдөггүй, бидэнд хамааралгүй гэж ойлгож ирсэн. Гэхдээ нийслэлийн Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн сурагчдын хувьд энэ ойлголт өөрчлөгджээ. Учир нь тус сургуулийн сурагчид VR төхөөрөмж ашиглан газар хөдлөлт хэрхэн үүсэж, тохиолддогийг нүдээр харж, “мэдэрч” ойлгож байна.

“Би газар хөдлөлт ингэж болдог гэж төсөөлөөгүй” гэж зургаадугаар ангийн сурагч М.Төгөлдөр хэллээ. Түүний хувьд энэ бол зүгээр нэг хичээл бус, шинжлэх ухааныг сонирхож эхэлсэн мөч байв.

 

Энэ ангид сурагчид зөвхөн онол үзэж цээжилдэггүй. Харин салхины хурдыг хэмжиж, ангийнхаа температурыг шалгаж, хөрсний зүсэлт хийж, VR төхөөрөмжөөр дэлхийг нарийвчлан харж, сарны гадаргыг дурангаар ажиглан судалдаг. Мөн төрөл бүрийн туршилтын багаж, макетууд нь сурагчдад байгаль, дэлхийн үзэгдэл юмсыг өөрөө биечлэн судлах боломж бүрдүүлжээ. Энэхүү ангийн тааз нь одон орны зурагтай, хөшиг нь мэдлэг, мэдээлэл, хими, физикийн томьёотой.

Гэхдээ сургууль бүрд ийм анги, үүн шиг боломж байдаггүй. Тус сургуулийн газарзүйн багш Д.Нэргүй байгалийн ухааныг хүүхдүүдэд ойлгуулж заах сургалтын цогц орчин бий болгохыг зорьж, энэхүү зорилгынхоо төлөө 2018 оноос эхлэн төсөл бичиж, Хүүхдийг Ивээх Сан зэрэг найман байгууллагаас нийт 60 сая төгрөгийн санхүүжилт авч, энэхүү кабинетыг бүрдүүлсэн байна.

Намайг наймдугаар ангид байхад газарзүйн багш маань нэг өдөр биднийг анги танхимаас гарган, уулын хормойд очиж, Булган аймгийн унтарсан галт уулын тухай ярьж өгсөн. Багшийн тэр үед бидэнд ярьсан зүйлс миний санаанаас огт гардаггүй. Тэр үед хүүхдийг байгаль орчинтой нь ойр байлгаж хичээлээ заавал хичээл илүү ойлгомжтой, үр дүнтэй болдог юм байна гэдгийг ойлгосон хэмээн тэрээр ярьсан юм.

Д.Нэргүй багш сурагчдад илүү хүртээмжтэй, туршилтад суурилсан сургалтын орчин бүрдүүлэхийн тулд 2018 оноос эхлэн уйгагүй төсөл бичсэний үр дүнд дүүрэгтээ төдийгүй улсдаа ганц байгалийн ухааны түшиц кабинет байгуулжээ. Анх сургуулиасаа нэг сая төгрөгийн дэмжлэг авч энэхүү санаагаа хэрэгжүүлж эхэлсэн юм.

Хүүхдийг Ивээх Сангийн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд, Д.Нэргүй багш байгалийн ухааны түшиц кабинетдаа хэмжилт, судалгааны гар багаж нийлүүлэх 5 сая төгрөгийн төсөл боловсруулсан байна. Энэхүү санхүүжилтээр 23 төрлийн 88 ширхэг сургалтын багаж, хэрэглэгдэхүүн нийлүүлж, сурагчдын туршилт, судалгаанд суурилсан суралцах боломжийг бодитоор нэмэгдүүлжээ.

     

     

Өнөөдөр сурагч бүр ширээн дээрээ газрын зураг, глобустай, туршилтын багаж хэрэгсэл нь хүртээмжтэй болсон байна. Энэхүү кабинет байгуулагдсанаар зөвхөн орчин өөрчлөгдсөнгүй, сургалтын үр дүн ч мэдэгдэхүйц сайжирчээ. 2019-2024 оны хооронд байгалийн ухааны хичээлийн стандарт хэрэгжилт сургууль, дүүрэг, нийслэлийн түвшинд өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн сурагчид төрөлжсөн олимпиадад тэргүүлэх байрууд эзэлж, хичээлийн 40 минутыг бүрэн үр дүнтэй ашиглах дадал хэвшсэн гэлээ. Үүний зэрэгцээ сурагчдын идэвх, оролцоо нэмэгдэж, туршилтаа эцсийн үр дүн хүртэл хариуцлагатай хийж дуусгах, бие даан суралцах хандлага төлөвшжээ. Д.Нэргүй багшийн дараагийн мөрөөдөл бол ийм түшиц кабинетийг дүүрэг, аймаг бүрийн дор хаяж нэг сургуульд байгуулах юм. Ингэснээр хот, хөдөөгийн сургалтын ялгаа багасаж, Монголын хүүхэд бүр шинжлэх ухааны боловсролыг тэгш хүртээмжтэй эзэмших боломжтой болно гэж тэрээр ярилаа.

Түүний шавь нараас ирээдүйн инженер, судлаач, байгаль орчны мэргэжилтнүүд төрөх биз ээ. Гэхдээ хамгийн чухал нь энд суралцаж буй сурагчид шинжлэх ухааныг сонирхож, ойлгож эхэлж байна.