“Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сургалт боллоо

Хүүхдийг Ивээх Сан “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн нийт 18 ерөнхий боловсролын сургууль, 18 хамтарсан багт 2026 оноос гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Уг төслөөр хүүхэд хамгааллын практикт туршигдсан сайн туршлага, нотолгоонд суурилсан арга зүй, хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах замаар хүүхэд бүр тэгш хүртээмжтэй, эрхийг нь дээдэлсэн орчинд суралцах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Төслийн хүрээнд “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 7-нд Хүүхдийг Ивээх Сангийн байранд зохион байгууллаа. Уг сургалтаар сургуулийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг  мэдээлэх, хүлээн авах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйлчилгээг хэрэгжүүлэх хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх,  арга зүйг танилцуулах зорилготой байв.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай сургалтыг нээж, байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар танилцууллаа.

Энэхүү сургалт нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлого, журам, ЕБС-ийн орчин дахь Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалалтай холбогдох Монгол улсын хууль, бодлогын үндсэн бичиг баримтууд, Сургууль, дотуур байрын орчин дахь хүүхэд хамгаалал (Мэдээлэл хүлээн авах үйл явц, мэдээлэл шилжүүлэх үйл явц, мэдээлэлд хариу арга хэмжээ авах үйл явц) сургууль, дотуур байрны орчинд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад ажилтнуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо, сургууль дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн сайн сайхан байдал зэрэг сэдвүүдээр явагдсан юм.

Говь-Алтай аймгийн Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Бархүү “Хүүхдийг Ивээх Сангаас зохион байгуулдаг эцэг эхчүүдийн хүүхэд хамгааллын мэдлэгийг дээшлүүлэх, эрх үүргийг нь ухамсарлуулах чиглэлийн сургалтууд хэрэгцээтэй байна” хэмээн ярилаа. Харин Тайшир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Даваасүрэн “Манай суманд эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хүүхдээ сурах үйлд нь дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах үйл ажиллагаанууд хэрэгцээтэй байдаг” гэв.

Энэхүү сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын төслийн ажилтан Ч.Мөнгөнтуяа удирдан явуулсан бөгөөд Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 10 захирал, эрхлэгч оролцсон байна.