Хүүхдийг Ивээх Сан Завхан аймгийн Түдэвтэй сумын сургуульд үдийн хоолны хөтөлбөр хэрэгжүүлж байна

Хөтөлбөрт дунд, ахлах 9 бүлгийн 190 сурагч хамрагдаж байгаа юм-

Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл” байгууллагын санхүүжилтээр Завхан аймгийн Түдэвтэй суманд 2025 оноос эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Энхүү төслөөр тус сумын эрүүл мэндийн төвд иж бүрэн шүдний шинэ кабинет болон шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт 2025 оны 4 дүгээр сард хүлээлгэн өгч, ажилд оруулсан билээ. Түүнчлэн тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд  нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох  зорилготой Эрүүл мэндийн клуб байгуулан ажиллаж байна. Эрүүл мэндийн төслийн хүрээнд Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан үдийн хоолны хөтөлбөрийг Хүүхдийг Ивээх Сангийн дэмжлэгтэйгээр 2026 оны 3 дугаар сараас хэрэгжүүлж эхлэлээ.

Манай улс 2006 оноос сургуулийн орчинд үдийн цайны хөтөлбөр хэрэгжүүлэх болсон бөгөөд 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталжээ. Үүний дараа 2021 онд үдийн цайг үдийн хоол болгон өргөжүүлж 1,500 төгрөгт, 2025 оноос 1,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 2,500 төгрөгт багтаан халуун хоолоор зөвхөн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчдад үйлчлэж байгаа билээ.

Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд, “Денан төсөл”-ийн багийнхан  өнгөрсөн 2025 онд Түдэвтэй суманд ажиллах үеэрээ дунд, ахлах ангийн сурагчидтай уулзаж, ярилцах явцад тэдний зүгээс хичээлийн дундуур өлсөх, өглөөний цайгаа уулгүй хичээлдээ ирэх зэрэг асуудал түгээмэл байдаг нь илэрчээ. Эдгээр асуудлууд хүүхдийн сурч боловсроход нь олон сөрөг тал дагуулдаг. Тиймээс  Хүүхдийг Ивээх Сангийн зүгээс сургуультай ярилцан, улсын хэмжээнд анх удаа дунд, ахлах ангийн сурагчдад үдийн хоол өгөх туршилтын төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Сум болон сургуулийн зүгээс энэхүү санаачилгыг дэмжин нэг хүүхдийн нэг өдрийн хоолны зардал болох 2,500 төгрөгийн 1,000 төгрөгийг нь эцэг эхчүүд төлж, 1500 төгрөгийг Хүүхдийг Ивээх Сангаас санхүүжүүлж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Сургуулийн зүгээс үдийн хоол бэлтгэхэд зарцуулсан цахилгааны нэмэлт төлбөрийг төлж, тогооч нарынхаа ур чадварыг сайжруулсан байна. Түүнчлэн тогооч болон худалдан авалт, тооцоо хариуцсан санхүү, захиргааны ажилтнуудын ажлын ачааллыг зохицуулж, нэмэлт урамшуулал өгч байгаа аж.

 

Өнөөдөр тус сургууль 310 сурагчтай бөгөөд түүнээс 6-12 дугаар ангийн дунд, ахлах 9 бүлгийн 190 суралцагч нар үдийн хоолны энэхүү шинэ хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. Хүүхдүүд даваа гаригт сүүтэй цагаан будаа, цайны боов, мягмар гаригт гоймонтой шөл, үзэмний шүүс, лхагва гаригт мантуун бууз, хярам, пүрэв гаригт будаатай хуурга, чацарганы шүүс, харин баасан гаригт гурилтай шөл, талх, бор цайгаар үйлчлүүлж байна.

Үдийн хоолны хөтөлбөрийн тухай сэтгэгдлүүд

Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Амаржаргал: Манай сургуулийн хамт олон бүгд үдийн хоолны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг зорилготой ажилладаг. Ангийн багш нар хоол хуваарилах, түгээх, зөөвөрлөж ирэх, хоолны сав бэлтгэх, халдвар хамгаалалтыг баримтлах  мөн нярав, нягтлан, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, багш, ажилчид бүгдийн оролцоотой хэрэгжүүлж байна.

Сургуулийн нийгмийн ажилтан Ж.Жамьян: Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэнд, өвчлөх шалтгаан буурч, хичээл сурлагандаа идэвхтэй болох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хичээл таслалт буурах, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн хамтын оролцоо сайжирах гэх мэт олон давуу талууд бий болно.

Сургуулийн эмч Э.Батбаяр: Бид Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулинд заасны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, ариун цэвэр, орц нормын шаардлага хангасан хоолоор сурагчдад үйлчилж байгаа. Хүүхдүүд өглөө 8.00 цагт хичээлдээ ирээд, 11.00-11.30 цагт үдийн хоолоо иддэг. Эцэг эхчүүд сайнаар хүлээн авч байна.

 

7-р ангийн сурагч Ч.Уранбилэг: Өмнө нь хичээл дээр хүүхдүүдийн толгой өвдөж, гэдэс өлсдөг байсан. Одоо үдийн хоол идсэнээр хичээлдээ илүү анхаардаг боллоо.

11-р ангийн сурагч О.Отгонтөр: Хүүхдүүд өглөө заримдаа цайгаа ууж амжихгүй хичээлдээ ирж өлсдөг байсан. Одоо сургууль дээрээ өдөр бүр хоол идэх сайхан байна. Хоолны амттай, хүүхдүүд цаддаг. Өмнө нь хичээлийн завсарлагаанаар гарч цайны газраас хоол авч иддэг байсан ч үнэтэй, бас амждаггүй байлаа. Хүүхдүүд бүгдээрээ үдийн хоолондоо дуртай.

Түдэвтэй сумын иргэн Д.Пүрэвдулам: Дунд, ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан үдийн хоолны хөтөлбөр хэрэгжиж байгаад эцэг эхчүүд талархалтай байна. Сургууль сумынхаа төвд байрладаг ч дунд, ахлах ангийнхан ихэвчлэн цайгаа уулгүй хичээлдээ ирж, өлөн явдаг байсан. Үдийн хоолны хөтөлбөр хэрэгжиснээр хүүхдүүд хичээлдээ идэвх сонирхолтой болж, сургалтын амжилтад ч сайнаар нөлөөлж байгаа. Эцэг эхчүүдийнхээ өмнөөс “Денан” төслийнхөнд талархлаа илэрхийлж байна.

Түдэвтэй сумын иргэн Б.Наранзаяа: Хүүхдүүд бага ангидаа үдийн хоол идээд сурчихсан байдаг болохоор дунд, ахлах ангидаа дэвшихээр хичээлийн үеэр өлсөх, ядрах тохиолдол их гардаг. Манай хүүхэд дунд ангид суралцаж байгаа. Эцэг эхчүүдийн хувьд нэг хүүхдийнхээ нэг өдрийн үдийн хоолонд 1000 төгрөг төлөхөд ямар ч бэрхшээлгүй. Ийм зардлаар үдийн хоол идэх нь боломж юм. Зарим эцэг эхчүүд сардаа 100 орчим мянга орчим төгрөг хүүхэддээ өгдөг ч халуун хоол биш шим тэжээл муутай чихэр, жигнэмэг авахад зарцуулдаг байсан.

Энэхүү төслийг Хүүхдийг Ивээх Сан Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуультай хамтран 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлэх бөгөөд төсөл хэрэгжиж дуусах үед судалгаа хийж гарсан үр дүнг, сум, аймгийн удирдлагуудад танилцуулах ажээ.

Нэмэлт мэдээлэл

Сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт хамруулснаар эрүүл мэндийг нь дэмжинэ. Шим тэжээлтэй хоол хүнс хүүхдийн өсөлт хөгжилд чухал нөлөө үзүүлнэ. Дэлхий олон оронд явуулсан судалгаагаар сургуулийн орчинд халуун хоолоор үйлчилснээр хүүхдүүдийн сурч, боловсроход эерэг нөлөө үзүүлдэгийг тогтоожээ. Сургуулиуд хоолны хөтөлбөртэй байснаар элсэлтийг 9 орчим хувиар нэмэгдүүлж, ирцийг мэдэгдэхүйц сайжруулан, завсардалтыг бууруулдаг болохыг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс онцолжээ. Олон судалгаа, шинжилгээгээр хоолны хөтөлбөрүүд сурагчдын анхаарал төвлөрөл, суралцах идэвх чармайлтыг нэмэгдүүлж, хичээлийн амжилтыг сайжруулдгийг баталсан байна. Үүний гол шалтгаан нь хүүхдүүд өлөн үедээ сурах хүсэлгүй болдогтой холбоотой юм. Зөвхөн боловсролын сайн үр нөлөөнөөс гадна сургуулийн хоолны хөтөлбөрүүд нь сурагчдыг эрүүл байлгах, илчлэг шим тэжээлээр хангах, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой.  Өрхийн түвшинд, ялангуяа бага орлоготой айлуудын хувьд, хоол хүнсний зардлыг нь бууруулж,  нийгмийн хамгааллын үйлчилгээний нэг хэлбэр болдог. Ерөнхийдөө, сургуулийн хоол тэжээлийн хөтөлбөр нь зөвхөн шим тэжээлийн арга хэмжээ бус, харин боловсролын чанар, тэгш хүртээмжтэй байдал, урт хугацааны эдийн засгийн хөгжлийг дэмжих хэрэгсэл гэдгийг судалгаанууд харуулж байна.