Боловсролын яам болон Хүүхдийг Ивээх Сан боловсролын салбарт хүүхэд хамгаалал, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Боловсролын хөтөлбөрийн менежер А.Баярмаа, Хүүхдийн ядуурлын эсрэг хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа, “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн зохицуулагч Б.Цэрэнханд, төслийн ажилтан Ч.Мөнгөнтуяа нар Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон яамны холбогдох албаныхантай уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Хүүхдийг Ивээх Сантай хамтран Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, ололт амжилтыг хэлэлцсэн байна. Түүнчлэн хүүхдийн эрхийг дээдэлсэн, аюулгүй, хүртээмжтэй боловсролын орчныг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах ач холбогдлыг онцлоод боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх цаашдын чиглэлийг тодорхойлсон юм.

Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж, боловсрол, хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр 40 гаруй сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснийг Л.Энх-Амгалан сайд онцоллоо. Мөн тэрээр “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн хүрээнд боловсруулсан  боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал, багшийн ёс зүй, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад чиглэсэн хөтөлбөр, гарын авлагуудтай танилцаж, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Энэхүү төсөл нь 2026–2028 онд хэрэгжих бөгөөд багш, сурагч, эцэг эх, орон нутгийн байгууллагуудыг хамруулан хүүхэд бүрийн суралцах, хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Түүнчлэн Хүүхдийг Ивээх Сан нь боловсролын салбарт 2022-2025 онд GPE буюу Боловсролын Дэлхийн Түншлэл байгууллагын 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих (EQUAL)” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн зохицуулагч байгууллага (Grant Agent)-аар хамтран ажилласанд талархал илэрхийллээ. EQUAL төслийн хүрээнд ерөнхий боловсролын 273 сургууль, 200,000 гаруй суралцагчийг хамруулж, боловсролын хүртээмж, чанарт бодит ахиц гаргасныг онцолсон юм.

Талууд цаашид:

  • Боловсролын орчин дахь Хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх
  • Багшийн ёс зүйг дээшлүүлэх
  • Олон улсын стандарт, хөтөлбөрүүдийг (Кембрижийн арга зүй зэрэг) нэвтрүүлэх
  • Цахим сургалт, оношилгооны системийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэв.

Мөн Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE)-ийн санхүүжилттэй дараагийн шатны төслийн саналыг хамтран боловсруулах талаар хэлэлцлээ. Энэхүү уулзалт нь Монгол Улсад хүүхэд хамгаалалд суурилсан, тэгш хүртээмжтэй боловсролын тогтолцоог бэхжүүлэхэд чухал түлхэц болохыг талууд онцолсон юм.