Говь-Алтай аймагт “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сургалт боллоо
Хүүхдийг Ивээх Сан “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн хүрээнд Говь-Алтай аймагт “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 15-16-нд зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлого, журам, ЕБС-ийн орчин дахь хүүхдийн эрх, хүүхэд хамгаалалтай холбогдох Монгол Улсын хууль, бодлогын үндсэн бичиг баримтууд, сургууль, дотуур байрны орчин дахь хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулахад ажилтнуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо, сургууль дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн сайн сайхан байдал зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулав.
Сургалтад Говь-Алтай аймгийн 1, 2, 3 дугаар сургууль болон Шарга сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сургалтын менежер, аймгийн Хамтарсан багийн нарийн бичиг, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд, Боловсролын газрын Хүүхдийн хөгжил, хамгаалал тэгш хамран сургалт хариуцсан ахлах арга зүйч мэргэжилтэн болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Сургалтад хамрагдсан багш, мэргэжилтнүүд сургалт маш үр дүнтэй болсныг онцолж байлаа.
Шарга сумын сургуулийн захирал Ц.Сайнлхам: “Энэ сургалтаас сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдал маш чухал бөгөөд урьдчилан сэргийлэх хамгаалах үйл ажиллагааг үр дүнтэй явуулах юм бол хүүхдүүддээ ээлтэй орчин бий болгож чадах юм байна. Мөн бид бүхэн эерэг хандлага харилцааг бий болгохын тулд өөрсдөөсөө эхэлж манлайлж өөрчлөгдөх ёстой юм байна гэдгийг ойлгосон”
ГАА-ийн Хоёрдугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Амгалансай: “Энэ сургалтаар хамгийн хэрэгтэй, үнэ цэнтэй санагдсан зүйл нь багш, ажилтнууд сургуулийн орчинд сурагчдын эрхийг санаатай болон санаандгүй байдлаар зөрчих тохиолдол байдаг гэдгийг хамгийн тодорхой, ойлгомжтойгоор таниулж өгсөнд оршиж байлаа. Үүнийг багш, ажилтнуудад зөв ойлгуулахад чиглэсэн сургалтын материал болон гарын авлага нь онцгой ач холбогдолтой байв”
ГАА-ийн 1-р сургуулийн Сэтгэл зүйч Б.Байгалмаа: “Юуны өмнө “Суралцахад ээлтэй хүртээмжтэй сургууль” төсөл манай сургууль дээр хэрэгжих болсонд туйлын баяртай байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр сургуульд ажилладаг хүн бүр хүүхэд хамгааллын мэдлэгтэй болж, хүүхдэд ээлтэй сургуулийг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд хамгааллын ажлыг зөвхөн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн ажил биш, энэ бол сургуульд ажилладаг хүн бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл байдаг гэдгийг энэхүү хүүхэд хамгааллын сургалтаас олон хүн ойлгож мэдээсэй гэж хүсэж байна. Бид энэ хоёр өдрийн сургалтаас олж мэдсэн мэдлэгээ сургуулийн бүх багш, ажилчдад тус сургалтын мэдээллийг хүргэж, сургуульд ажилладаг хүн бүр хүүхэд хамгааллын талаар нэгдсэн нэг ойлголттой байхын төлөө эхний ээлжид тус сургалтыг зохион байгуулан ажиллана. Мөн цаашид төслийн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажил дээр хамтран зүтгэж, идэвхтэй ажиллах болно.”
ГАА-ийн 1-р сургуулийн Сургалтын менежер П.Эрдэнэчимэг: “Энэхүү төслийн анхны сургалтад хамрагдсанаар хүүхэд хамгаалал нь хүн бүхэнд энгийн мэддэг зүйл хэр нь маш нарийн ажиглалт, анхаарал хэрэгтэй, алхам тутамд анзаарч байх ёстой асуудал юм байна гэдгийг ойлголоо. Сургалтын менежерийн хувьд сургалт, сургуулийн менежмент гэх асуудалд их анхаарч хүүхэд хамгаалал талыг орхигдуулдаг байжээ. Одоо бол хүүхэд бүрийн амьдрах болон сурах орчин, томчуудын хүүхэдтэй харилцах харилцаа зэргийг нарийн ажигладаг болсон байна. Мөн сургуулийн орчинд ажиллаж байгаа хүн бүрийн үүрэг гэдгийг сайн ойлгож багш ажилчдадаа ч хүүхэд хамгааллын талаар сургалт зөвлөгөө хийж таниулж байна”.
Сургалтад хамрагдсан хүмүүс сургуулийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх, хүлээн авах, хариу арга хэмжээ үзүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх, хамгааллын талаарх суурь мэдлэг, ойлголтоо бататгах, арга зүй эзэмших зэрэг нийт 16 цагийн сургалтад хамрагдаж гэрчилгээ гардан авсан юм.

Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Э. Энхнаран сургалтын нээлтийн үеэр хэлэхдээ “Бид шат шатандаа өөрсдийн үүргээ биелүүлж хүүхдүүдээ айдасгүй, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлж, хайрлах энэрэх сэтгэлтэй болгож өсгөж чадвал таны, миний, бидний хүүхдүүд ирээдүйд бүр илүү сайхан нийгмийг бүтээх болно. Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрт манай аймгийн 4 сургууль хамрагдаж байгаа ч бид сургагч багш нараараа дамжуулан энэхүү олон улсын туршлагыг аймгийнхаа бүх сургуулиудад нутагшуулан хэрэгжүүлэхийг зорьж байна” хэмээн онцлов.

Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь хүүхэд хамгааллын практикт туршигдсан сайн туршлага, нотолгоонд суурилсан арга зүйн хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах замаар хүүхэд бүр тэгш хүртээмжтэй, эрхийг нь дээдэлсэн орчинд суралцах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Хүүхдийг Ивээх Сан Говь-Алтай аймагт 2023-2025 онд “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Чандмань суманд 2022 оноос эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна.

