Э.Оюунмаа:Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх практик арга зүй дутагдаж байна

Японы Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.Оюунмаатай ярилцлаа.

-Өнөөдөр бол хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр. Манай улсад хүүхдийг бие махбодын шийтгэлээс хамгаалах хууль эрх зүйн орчин хангалттай бий юу. Бодит байдал дээр хэрэгжилт ямар байна вэ?

-Манай улс хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүхий л орчинд хуульчлан хориглосон ч хүүхдээ хүмүүжүүлэх нэрээр хүчирхийлэх явдал байсаар байна. Харамсалтай нь энэ зөвхөн цөөн тооны өрхийн асуудал биш. Нийгмийн нийтлэг зан үйл, төөрөгдсөн ойлголт болсныг судалгаа, статистик тоо баримтууд харуулсаар байна. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцод хүүхэд бүр эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, бусад хүмүүсийн зүгээс аливаа хүчирхийлэл, дарамт, хайхрамжгүй харьцах зэрэг хүчирхийллийн бүх хэлбэрээс хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Монгол Улс уг конвенцод нэгдэн орж, 2016 онд хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүх орчинд хориглосон бөгөөд 2024 онд уг хуулийг шинэчлэн баталсан нь хүний эрхийн талд гарсан томоохон ахиц дэвшил гэж хэлж болно. Улмаар эцэг, эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалахдаа түүний нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хүчирхийллээс ангид хүмүүжлийн эерэг арга хэрэглэж, хүүхдэд зөвлөн туслах’ гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн. Гэтэл хүүхдүүд гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүчирхийлэл дарамт, сэтгэл санааны шийтгэлийг амссаар байна. Гэвч хууль баталсан нь дангаараа нийгмийн зан үйл өөрчлөгдөх баталгаа болдоггүй.

-Энэ талаар статистик мэдээлэл байдаг уу? 

-Үндэсний хэмжээнд хийгдсэн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа -2023 оны тайланд дурдсанаар, судалгаанд хамрагдсан 1-14 насны хүүхдүүдийн 44.2 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс бие махбодын болон сэтгэл санааны шийтгэл амссан байна. Энэ нь таван хүүхэд тутмын хоёр нь гэр бүлийн орчинд ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгааг харуулж буй ноцтой үзүүлэлт юм. Цаашлаад 2024 оны эцсийн байдлаар 108 утас нийт 101,321 дуудлага, мэдээлэл хүлээн авсан бөгөөд үүний 63 хувь нь хүүхдийн эрх зөрчигдсөн, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа тухай зорилтот дуудлага байсан нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл бодитоор, тогтмол тохиолдож байгааг нотолж байна. Байгууллагын судалгаагаар хүүхдийн эрхийн зөрчлийн ойролцоогоор 70 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг нь бүр ч анхаарал татна.

 

-Тэгвэл хүүхдийн эсрэг хүчирхийлэл яагаад буурахгүй байна вэ. Манай улсын хувьд эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх нэг аргын нэг нь “гар хүрэх” гэж ойлгох нь түгээмэл. Тэгвэл энэхүү ойлголт нь орчин үед хэрхэн өөрчлөгдсөн талаар ярихгүй юу?

-Хүүхдийн эсрэг хүчирхийллийн шалтгаан нь эдийн засаг, нийгэм, тогтолцооны олон хүчин зүйлтэй уялддаг ч насанд хүрэгчдийн ухамсар, зан үйл голлох нөлөөтэй хэвээр байна. Тухайлбал, хүүхдийг зодож шийтгэхийг “сахилга баттай болгодог”, “дуулгавартай болгох арга” хэмээн зөвтгөдөг буруу ойлголт гүн суусан байдаг. Эцэг эхчүүдийн ихэнх нь хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвар дутмаг, өөрсдийн бага насны хүчирхийлэлд өртсөн туршлагаа давтаж байна. Бие махбодын болон сэтгэл санааны шийтгэл хүүхдэд ямар ноцтой, урт хугацааны сөрөг үр дагавар авчирдгийг ухамсарлаагүй хэвээр байна. Насанд хүрэгчид өөрийн уур бухимдал, стрессийг удирдах арга барилгүйгээсээ болж, хамгийн ойр дотнын, хамгаалах ёстой хүүхдэдээ гар хүрдэг. Үүнээс гадна гэр бүлийн зөрчил маргаан, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал зэрэг эрсдэлт хүчин зүйлс хүүхдийг хүчирхийлэлд өртөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг.

Японы Хүүхдийг Ивээх Сангаас 2023 онд хийсэн “Хүүхэд хамгааллын талаарх насанд хүрэгчдийн мэдлэг, хандлага, дадал” судалгаагаар судалгаанд хамрагдсан насанд хүрэгчдийн 31 хувь нь бие махбодын, 71 хувь нь үл хайхрах, 44 хувь нь сэтгэл санааны, 21 хувь нь бэлгийн хүчирхийллийн талаар хангалттай мэдлэггүй гэсэн үр дүн гарсан. Харин судалгаанд оролцогчдын 40 хувь нь бие махбодын хүчирхийллийг, 33 хувь нь сэтгэл санааны шийтгэл хэрэгтэй гэж үзсэн нь уг судалгаагаар тогтоогдсон.

-Бие махбодын шийтгэл хүүхдийн сэтгэл зүй, хөгжилд ямар сөрөг үр дагавартай байдаг талаар ярихгүй юу?

-Хүүхдийг үл хүндлэх, үл ойшоох, тэдэнтэй зүй бус харьцах, гутаан доромжлох, бие махбодын шийтгэл хэрэглэх нь хүүхдийн бие махбод, сэтгэл зүй, нийгэмшилд сөргөөр нөлөөлдөг болохыг олон судалгааны үр дүн харуулдаг. Жишээ нь, хүүхэд өвчлөмтгий, биеийн дархлаа султай, аймхай, цочимхой болж, хожим нь хавдар, зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал нэмэгдэнэ. Мөн эцэг, эх, хүүхдийн хоорондын итгэлийг бууруулж, хүүхэд аливаа асуудал бэрхшээлээ томчуудаас нуух, худлаа хэлэх зэрэг сөрөг зан үйлд түлхдэг. Бие махбодын шийтгэл нь хүүхдэд асуудлыг хүч хэрэглэн шийдэх түрэмгий авирт сургадаг байна.

Олон улсын болон дотоодын судалгаанууд хүүхдийг зодож шийтгэх, доромжлох, үл ойшоох нь хүүхдийн бие махбод, сэтгэл зүй, нийгэмшилд ноцтой сөрөг нөлөө үзүүлдгийг тогтоосон. Ийм хүүхдүүд аймхай, цочимхой, түрэмгий, өөртөө итгэлгүй болохоос гадна том болоод сэтгэл гутрал, архаг өвчин, зүрх судасны эмгэгт өртөх эрсдэл өндөр байдаг. Мөн эцэг эхээсээ айх, худал хэлэх, асуудлаа нуух зан үйл төлөвшиж, хүчирхийллийг асуудал шийдэх “зөв арга” хэмээн ойлгох хандлага сууж үлддэг. Ер нь хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх практик арга зүй дутагдаж байна.

-Тэгвэл хүмүүжлийн эерэг аргыг хэрхэн зааж сургаж, түгээн дэлгэрүүлэх вэ?

-Энэхүү нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд зөвхөн хууль батлах бус, эцэг эх, асран хамгаалагчдын зан үйлд бодитоор нөлөөлөх урт хугацааны ажлууд зайлшгүй шаардлагатай. Японы Хүүхдийг Ивээх Сангаас эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь дэлхийн 40 гаруй улсад хэрэгжиж буй нотолгоонд суурилсан арга зүй юм. Хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай урт хугацааны хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан эцэг эхийн хөтөлбөрийг чиглүүлэх 300 гаруй хүнийг сурган бэлтгэж олон мянган эцэг эхчүүдийг сургалтдаа хамруулаад байна. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргадаг, асуудлыг хүчээр шийддэг, хүүхдээ хувь хүн гэж үздэггүй гээд их олон алдааг өөрөөсөө олж харсан гэж хэлж байсан л даа. Мөн “Ер нь миний хүүхдээ урамшуулдаг арга хүртэл зөв биш байна даа гэж бодогдох болсон. Хүүхдэдээ цаг зав гаргадаггүй, эмээ өвөөд нь хэт их найддаг, онц гарвал унадаг дугуй авч өгнө гэх мэтээр амладаг байсан нь тийм ч зөв шийдэл биш юм” гэх мэтээр эцэг эхчүүд ярьж байсан. Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэгийг ойлголтоороо хязгаарлах бус, өдөр тутмын дадал, амьдралын хэвшил болгох үед хүүхдийг шийтгэлийн аргаар хүмүүжүүлэх “алганы амт” бодитоор зогсоно. Ингэснээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурч, урьдчилан сэргийлэх бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан хэлэхэд, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил нь нэг удаагийн сургалт, мэдээллээр хязгаарлагдах ёсгүй. Насанд хүрэгчдийн зан үйлд нөлөөлөх чанартай, тасралтгүй, урт хугацааны хүмүүжлийн эерэг арга хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд тууштай хэрэгжүүлэх нь туйлын чухал юм. Хүүхэд бүр гэр бүлдээ айдасгүй, амгалан тайван өсөж бойжих эрхтэй. Харин энэ эрхийг бодитоор хангах эсэх нь бид, насанд хүрэгчдийн ухамсар, сонголт, үйлдлээс шууд хамаарсаар байна.

Г.БАЛГАРМАА

Энэхүү ярилцлага “Өдрийн сонин”-ы 2026 оны 4 дүгээр сарын 30-ны Пүрэв гаригийн №080 (7932) дугаарт нийтлэгдсэн.