“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг тогтвортой дэмжих нь” төсөл хэрэгжүүлэх байгууллагуудтай санамж бичиг зурлаа
Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 3 дугаар сарын 30-наас Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгох юм. Мөн амжилттай хэрэгжсэн загвар үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн төрийн бодлогод тусгаж, шаардлагатай эрх зүйн дэмжлэг үзүүлнэ.

“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төсөлд хамрагдаж буй 3 дахь жилийн зорилтот Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Төслийн 3 дахь жилд дараах зорилтот Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон цэцэрлэгүүд хамрагдаж байгаа юм.
| Аймаг/дүүрэг | ӨЭМТ | Цэцэрлэгүүд |
| УБ хотын Сонгино-Хайрхан дүүрэг | “Мичид-Ундарга” ӨЭМТ | 80 дугаар цэцэрлэг |
| УБ хотын Чингэлтэй дүүрэг | “Мөнхбаясгалант” ӨЭМТ | 124 дүгээр цэцэрлэг |
| УБ хотын Баянзүрх дүүрэг | “Энх Энэрэл” ӨЭМТ | 167 дугаар цэцэрлэг |
| Баянхонгор аймаг | Баянхонгор сумын “Наранмандал” ӨЭМТ |
13 дугаар цэцэрлэг |
| Сэлэнгэ аймаг | Алтанбулаг сумын “Алтан булаг” ӨЭМТ | Албан булаг сумын 1 дүгээр цэцэрлэг |
Энэ жил дээрх зорилтот ӨЭМТ болон цэцэрлэгүүдэд тусгай хэрэгцээтэй хүүхэд болон иргэд саадгүй зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор дэд бүтцийн орчныг сайжруулах жижиг засварын ажлуудыг хийж гүйцэтгэх, эдгээр байгууллагын эмч болон багш нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, дэмжих эрүүл мэндийн үйлчилгээ, тэгш хамруулан сургах сургалтын арга зүйн зарим сургалтуудад хамруулж холбогдох ном, гарын авлагаар хангахаар төлөвлөсөн юм. Дэд бүтцийн засварын ажилд зорилтот байгууллагуудын ариун цэврийн өрөөнд зориулалтын угаалтуур, суултуур, туслах тоноглол, шат болон коридорт туслах бариул хийлгэх, гадна талын хаалганд налуу зам суурилуулах зэрэг засварын ажлыг 2026 оны 6-7 дугаар сард хийж дуусгах юм.

Төсөлд шинээр хамрагдаж буй Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн “Мичид-Ундарга”, “Мөнхбаясгалант”, “Энх Энэрэл” ӨНМТ болон 80, 124, 167 дугаар цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээг Хүүхдийг Ивээх Сангийн хурлын танхимд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон дээрх байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн төслийн багаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, байгуулсан санамж бичгийн хүрээнд харилцан хүлээх, үүрэг хариуцлагын талаар зорилтот байгууллагуудын удирдах ажилтнуудад мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Өнгөрсөн 2025 онд төслийн үр шимийг 9,463 хүүхэд, 1,349 эцэг эх, олон нийт, 1,811 насанд хүрэгчид шууд хүртсэн байна.

