Mонгол дахь Олон улсын төрийн бус байгууллагуудын ээлжит уулзалт болов
Монгол дахь олон улсын төрийн бус байгууллагуудын ээлжит уулзалтыг Хүүхдийг Ивээх Сан өөрийн байрандаа 2026 оны 5 дугаар сарын 5-нд зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Дэлхийн Зөн, Жей Си Эс олон улсын байгууллага, Пипл ин Нийд (ПИН) олон улсын байгууллага, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Breathe Mongolia, International Corn Foundation зэрэг байгууллагуудын удирдлага болон төлөөллүүд оролцов.
Уулзалтын үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Ядуурлын хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2.75 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2019-2025 онд Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 29 суманд хэрэгжүүлсэн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн гарсан үр дүнгийн талаар танилцуулав. Энэхүү төслөөр нийт 8773 хүүхэд, залуусыг “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” (ESEL) сургалтад хамрууллаа. Эдгээр хүүхэд, залуус баг бүрдүүлж, нийт 360 бичил төсөл хэрэгжүүлж, тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг авсан байна. Түүнчлэн төсөл хэрэгжсэн зорилтот таван аймгийн зургаан сумын ерөнхий боловсролын сургууль “Сургуульд суурилсан энтерпрайз”-ийг нийт 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Мөн хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох шинэлэг, оролцоонд тулгуурласан, төсөлд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулан Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийн үндсэн судлагдахууны нэг болгожээ.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг оролцогчдод танилцуулав. Уулзалтад оролцогчид өөрийн байгууллагынхаа сүүлийн үеийн мэдээллийг хуваалцаж, Улаанбаатар хотод 2026 оны 8 дугаар сарын 17-28-нд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP 17) -д хэрхэн оролцох талаараа саналаа солилцлоо.
Хүүхдийг Ивээх Сан БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр иргэдийн идэвх оролцоонд тулгуурлан мод тариалах, ургуулах, арчлах, улмаар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, байгальдаа ээлтэй амьдрахад хүүхэд, залуучуудыг дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд COP 17 уулзалтад хэрхэн оролцох гэж байгаа талаараа төслийн Зохицуулагч Ц.Батзаяа танилцуулав.
Хүүхдийг Ивээх Сан нь COP17 арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцох чиглэлээр WWF, World Vision болон бусад олон улсын, үндэсний төрийн бус байгууллагууд, оролцогч талууд, төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, COP17 арга хэмжээнд оролцох, хамтарсан side event зохион байгуулах, мөн уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудалд хүүхдийн дуу хоолойг хүргэх чиглэлээр бэлтгэл ажлууд үргэлжилж байна.