Өвөрхангай аймагт “Ирээдүйн энтрепренерүүд” бичил төслийн уралдаан боллоо

Хүүхдийг Ивээх Сангаас 2020-2025 онд хэрэгжүүлсэн “Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн аргазүйг төсөл хэрэгжээгүй бүх сумдад түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах ажлын хүрээнд аймгийн орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн 19 сумын 30 Ерөнхий боловсролын сургууль болон Арвайхээр, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Хайрхандулаан, Уянга сумдын Насан туршийн суралцахуйн нэгж дээр Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх ( ESEL) сургалтыг орон нутгийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн юм.

 

Бат-Өлзий, Бүрд, Баруунбаян-Улаан, Арвайхээр,Баянгол, Есөнзүйл, Хайрхандулаан, Тарагт, Өлзийт сумдын зөвлөлүүд сумын Пич арга хэмжээгээ амжилттай зохион байгуулж сумын удирдлагууд болон сумын Энтерпренер шаркуудаас нийт 32,700,000 төгрөгийн санхүүжилт авч, төслүүдээ эхлэхээр бэлтгэж байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд “Ирээдүйн энтрепренерүүд”  бичил төслийн уралдааныг 2026 оны 5 дугаар сарын 12-ноос 5 дугаар сарын 28 хүртэл зарласан бөгөөд төслийн уралдааны 1-р шатанд нийт 20 сурагчид, 2 сумын залуусын төслийн саналууд ирсэн байна. Үүнээс 2-р шатанд буюу аймгийн Pitch арга хэмжээнд Арвайхээр сумын 2-р сургууль, Мэргэд сургууль, Тэмүүлэл-Эрдэм сургууль, 5-р сургууль, Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль, Бат-Өлзий сумын 1-р сургууль, Бат-Өлзий сумын НТСН, Хархорин сумын Номын Хүрдэн сургууль, Сант сумын сургуулиас нийт 15 төслийн 80 орчим сурагчид, сумын залуус оролцож төслүүдээ танилцууллаа.

Аймгийн Пич арга хэмжээнд бүтээлч, шинэлэг санаа бүхий 6 төсөл шалгаруулж  нийт 12,000,000 төгрөгийн санхүүжилт олгоод байна. Аймгийн Pitch арга хэмжээний нэг онцлог нь Энтерпренер шаркууд оролцож  төслийн багуудыг нийт  4,132,000 төгрөгөөр дэмжсэн нь орон нутгийн хүүхдүүдэд урам зориг өгсөн байна.

Мөн Аймгийн Пич арга хэмжээний үеэр ESEL хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж сурагчид сумын залуусаа Аймгийн Пичд оролцуулсан Ерөнхий боловсролын сургуулийн болон Насан туршийн нэгжийн багш нарт аймгийн Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төвөөс талархал гардууллаа.

Өвөрхангай аймгийн удирдлагууд цаашид аймгийн  хэмжээний Пич арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.