С.Нямшүр: Эрүүл мэндийн салбарынхан хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд туслахаар шат шатандаа уялдаа холбоотой ажилладаг

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оноос Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөлд УБ хотын Сонгинохайрхан дүүргийн “Мичид-Ундарга”,  Чингэлтэй дүүргийн “Мөнхбаясгалант”, Баянзүрх дүүргийн “Энх Энэрэл”, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Наранмандал”, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Алтан булаг” сумын Өрхийн эрүүл мэндинй төвүүд хамрагдаж байгаа юм.
Энэ удаа “Ээлтэй” ӨЭМТ-ийн захирал С.Нямшүрийн амжилтын түүхийг хүргэж байна. Тэрээр “Манай гэрийнхэн угаас дуу цөөтэй хүмүүс байдаг учир хүүхдүүд маань ч хэлд оройтож ордог хэмээн хүүхдийнхээ хоцрогдлыг улам даамжруулдаг аав ээжүүд бий” гэж өгүүлээд ийнхүү зөвлөсөн юм. 
Хүүхдийн тархины хөгжил 0-5 насанд хамгийн эрчтэй явагдаж байдаг. Иймд хөгжлийн хоцрогдлыг аль болох бага насанд нь илрүүлж, арга хэмжээ авч байж тэднийг сэргээн засах, хөгжүүлэх үйл явц илүү үр дүнтэй болно гэсэн үг. Хэрвээ хугацаа алдвал хүүхдэд суралцахуйн бэрхшээл, зан үйлийн олон асуудлууд ажиглагдаж эхлэх бөгөөд энэ нь даамжирсаар тухайн гэр бүл цаашлаад нийгэмд ч эрсдэл үүсгэх магадлалтай. Миний бие Анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй хүний их эмч. Өдгөө “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төвийн захирлын албан тушаалыг хашиж байна.
Эрүүл мэндийн салбарын хувьд бид хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд туслахаар шат шатандаа уялдаа холбоотой ажилладаг. Жишээ нь, өрхийн эрүүл мэндийн төвүүд хүүхдийн өсөлт, хөгжлийн үзлэгийг тогтмол явуулж байна. Улмаар хүүхдэд хөгжлийн хоцрогдлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэгт хандаж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, зөвлөгөө авч оношийг баталгаажуулна. Эндээс хэл, хөдөлгөөн засах төв, сэтгэл зүйч болон тусгай боловсролын үйлчилгээ гэх мэт тухайн хүүхдэд тохирсон эмчилгээ, арга зүй рүү шилжинэ. Гэхдээ хамгийн чухал нь энэ үйл явц дунд эцэг эх, асран хамгаалагчдыг зөв чиглүүлэх явдал юм. Учир нь аав ээжүүдийн зүгээс хүүхдийнхээ аутизм, хөгжлийн хоцрогдлыг хүлээн зөвшөөрч чадалгүй асуудлыг улам даамжруулах байдал их ажиглагддаг. Ганцхан жишээ дурдахад хэл ярианы бэрхшээлтэй гэж оношлогдсон хүүхдээ “Манай гэрийнхэн угаас дуу цөөтэй хүмүүс учир хүүхдүүд маань ч хэлд оройтож ордог. Цаашдаа энэ асуудал шийдэгдчихнэ” гэж шаардлагатай арга хэмжээнд хамруулаагүй тохиолдол бий. Мэргэжлийн үзлэг, хяналтад ч оролгүй өөрсдөө ажигласаар цаг алдсан хүмүүс бүр ч элбэг. Маш энгийнээр хэлэхэд эрт арга хэмжээ авах тусам илүү үр дүн гарна. Эрсдэл үүсэхээс сэргийлж, байгаа боломжийг эрт ашиглан хүүхдийнхээ өсөлт хөгжилд анхаараасай хэмээн эцэг эхчүүдээсээ хүсэж байна.