Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй хүргэнэ
“Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх” төслийн нээлт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн хурлын танхимд 2026 оны 7 дугаар сарын 3-нд болж, зочид Сөүл, Улаанбаатар хот, Арвайхээр сумаас цахимаар оролцлоо. БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвд хэрэгжих энэхүү төсөл нэг жилийн хугацаатай үргэлжлэх юм. Төслөөр Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн үндэсний стандарт хангасан, туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгнө. Уг автомашиныг яаралтай тусламжийн тогтворжуулах үйлчилгээ үзүүлэх, эхчүүд хүүхэд зориулсан төхөөрөмжөөр тоноглох юм. Үүний зэрэгцээ автомашинд техникийн үйлчилгээ хийж, шатахуунаар хангахаар төлөвлөөд байна. Төслийн нээлтэд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн захирал Мёнхва Ванг, хөрөнгө оруулалт, Маркетингийн хэлтсийн дарга Жихэ Чой, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ж.Ганчулуун нар үг хэлэв.

Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг: Өвөрхангай аймгийн үе үеийн удирдлагууд 2013 оноос Монгол дахь Хүүхдийг Ивээх Сантай хамтран олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэ төсөл цаг үеэ олсон, бидний хэрэгцээнд бүрэн нийцсэн хэмээн баяртайгаар хүлээн авч байна. Бат-Өлзий сумын хувьд аялал жуулчлалын бүс нутаг. Үүнийг дагаад осол гэмтэл, тусламжийн дуудлага нэмэгдэн, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах нь нэн чухал болж байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд аймаг, орон нутгийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллах болно.
БНСУ–ын Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн захирал Мёнхва Ванг: Монгол Улсад REDY төслөөр дамжуулан эмнэлгийн яаралтай тусламжийг бэхжүүлэх энэхүү ач холбогдолтой санаачилгын нээлтийн арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Солонгосын Хүүхдийг Ивээх Сан Монгол дахь Хүүхдийг Ивээх Сантай олон жилийн турш итгэлцэлд суурилсан гайхалтай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Өнөөдийн төсөл бол энэхүү урт хугацааны хамтын ажиллагааг улам бэхжүүлэх бас нэг чухал алхам гэж үзэж байна.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай: Монголын гэр бүл, хүүхдүүдийн төлөө үнэтэй хөрөнгө оруулалт хийж, энэ төслийг санхүүжүүлж байгаа Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Энэ төсөл нь зөвхөн түргэн тусламжийн шинэ автомашин нийлүүлэх тухай биш түүнээс илүү орон нутгийн яаралтай тусламжийн тогтолцоог бүхэлд нь бэхжүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, лавлагаа шилжүүлгийн тогтолцоог сайжруулах, мөн иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх цогц санаачилга юм.
БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн хөрөнгө оруулалт, Маркетингийн хэлтсийн дарга Жихэ Чой: Энэ төслийг бодит болгоход хувь нэмэр оруулсан орон нутгийн удирдлагууд, хамтрагч байгууллагууд болон Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд төслийн нээлтийн ажиллагаанд амжилт хүсэж, энэхүү чухал үйлсэд хамтран ажиллаасанд, мөн бидэнд итгэл хүлээлгэсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байгааг хүлээж авна уу. Энэ төслөөр дамжуулан бид үнэхээр хүчтэй, сэтгэл төрүүлэм түүхийг хуваалцах боломжтой гэж бодож байна.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ж.Ганчулуун: Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл Бат-Өлзий суманд анх удаа хэрэгжих болсонд баяртай байна. Энэхүү үнэ цэнтэй дэмжлэг нь байгууллагын үйл ажиллагааг улам сайжруулж, иргэдэд хүрч үйлчлэх ажлыг илүү хүртээмжтэй, шуурхай болгоход чухал хувь нэмэр оруулах болно.

Нээлтийн арга хэмжээнд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сургуулийн захирал, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга, ажилтнууд, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн захирал, ажилтнууд, Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, ажилтнууд оролцлоо.
Нээлтийн үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн ядуурлын хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа “Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх” төслийн талаар, Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн Төслийн ажилтан Ч.Мөнгөнтуяа Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын бодлогыг оролцогчдод танилцуулав.
“Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх” төсөл нь БНСУ-ын олон нийтийн хөрөнгө оруулалт дээр тулгуурласнаараа онцлогтой бөгөөд үр шимийг шуудаар 2764, шууд бусаар 4590 хүн хүртэнэ хэмээн төлөвлөжээ.


