Оюутан, сурагчид “Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв”-тэй танилцлаа
Монгол Улс цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурлыг 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулна.
Хүүхэд, залуучууд байгаль орчны доройтлын сөрөг нөлөөнд хамгийн их өртдөг бүлгүүдийн нэг хэдий ч тэдний оролцоо хангалтгүй хэвээр байгаа юм. Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан хүүхэд, залуучуудын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын талаарх мэдлэг, манлайлал, нөлөөллийн чадавхыг бэхжүүлж, COP 17-ын хэлэлцүүлэгч үр нөлөөтэй оролцох, хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх залуу төлөөлөгчдийг бэлтгэж байна. Уг ажлын хүрээнд цуврал сургалтууд, танилцах аялал зохион байгуулж байна. 2026 оны 8 дугаар сарын 5-нд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн “Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв”-тэй танилцлаа.

Цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны төвийн мэргэжилтэн Б. Оюунцэцэг: 2009 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилгоор ойн зурвас байгуулах, мөн элсний нүүдлийг зогсоох зорилгоор элсийг механик хамгаалалт хийх чухал ажлуудыг хийж байна. Тухайн бүс нутагт ургадаг, ургах боломжтой мод сөөгүүдийг үрээр болон мөчрөөр ургуулах мөн сул манхан элсэнд механик хамгаалалт хийх, ингэхдээ байгалийн сөрөл ашиглаж нэг нэг метрийн зайтай тор татан хийж байна. Мөн биологийн хамгаалалт буюу мод тарих, ойн зурвас байгуулах ажлууд хийдэг. Гурван аймаг, 5 бүсийн зааг болох Элсэн тасархайд 2009 онд элсэн цөл газар байлаа. 60 гаруй га газрыг хашиж хамгаалснаар ийм болгосон. Бид мөн судалгааны ажлуудыг давхар гүйцэтгэж, хээрийн мониторингийн 21 цэг ажилладаг. Голдуу МУИС, гадаадын орнуудаас хүмүүс ирдэг. Элс байсан газар яагаад ийм болчихов гэдгийг судладаг.
Нийслэлийн Налайх дүүргийн Голомт сургуулийн эко клубийн сурагч Ц.Баясгалан: Энэ газрыг хараад бид нар тууштай байх юм бол манай “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл ч гэсэн удахгүй л ийм гоё ногоон төгөл болох юм байна гэж санагдаж байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн эко клубийн сурагч Б. Баяр-Эрдэнэ: Энд ирээд Цөлжилтийн эсрэг хамгийн зөв, үр дүнтэй сайн ажил юм байна гэдгийг ойлгож авлаа. Би өөрөө Хангай нутгийн хүн. Элс байсан газрыг яг л манай хангай нутгаас дутахааргүй сайн болгосон байна.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ш.Уранхайч: Анх элс байсан газарт 2009 оноос хойш мод тариад ийм гоё төгөл болсныг хараад урам зориг авлаа. Өөрөө хашаандаа цөөн ч гэсэн мод тарья гэж бодлоо.

Булган аймгийн Рашаант сумын нутагт орших Элсэн тасархайд үйл ажиллагаа явуулж буй ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн харьяа Цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны төв нь цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр туршилт, судалгаа явуулдаг байна. Тус судалгааны төв 2011 онд байгуулагдсан бөгөөд газрын доройтлыг бууруулах, газрын тогтвортой менежментийн шийдлүүдийг туршин нэвтрүүлэх замаар Монгол орны цөлжилттэй тэмцэх арга барилыг шинэ шатанд гаргаж байгаа аж.
“Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв”-д элсний нүүлт хөдөлгөөнийг сааруулах сүрлэн хаалт, эвдэрсэн газрын дагуу салхинаас хамгаалах ойн зурвас, ховордсон болон устаж болзошгүй мод сөөг ургамлыг тарималжуулах зэрэг арга хэмжээг газар дээр нь туршдаг.

