Хүүхдийг Ивээх Сан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенц нь 197 оролцогч талыг нэгэн дор нэгтгэн, шийдвэр гаргагчид, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, уугуул иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх нийтлэг зорилгын хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлдэг. Улаанбаатар хотод зохион байгуулагдах COP17 хурал нь энэхүү хамтын зорилгыг урт хугацааны бодит үйл ажиллагаа, түншлэл болгон бататгах яриа хэлэлцээрийн чухал талбар болох юм.

Хүүхдийг Ивээх Сан 2026 оны 8 дугаар сарын 18-нд Ногоон бүсийн албан ёсны нээлтээр, B3 павильонд үйл ажиллагаагаа танилцуулж эхэллээ. Ногоон бүс нь иргэд, олон нийтийн нээлттэй оролцох талбар бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хүн бүрийн ирээдүй, амьдралын чанартай холбон ойлгох боломж бүрдүүлэх юм байна.

Хүүхдийг Ивээх Сан  энэхүү бага хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, 2026 оны 8 дугаар сарын 19, 20, 24-ний өдрүүдэд Ногоон бүсийн B3 павильониор өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, бодит туршлага, боломжуудыг танилцуулах юм. Ирсэн оролцогчид мөн хамтран ажилладаг хүүхэд, залуучуудын зохион байгуулах сонирхолтой олон үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Хүүхдийг Ивээх Сан, Боловсролын яамтай хамтран 2026 оны 8 дугаар сарын 24-нд Цэнхэр бүсэд “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” арга хэмжээ зохион байгуулна. Мөн 2026 оны 8 дугаар сарын 26-нд Цэнхэр бүсэд Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Пипл Ин Нийд Олон улсын байгууллага, Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн болон Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл хамтран “Эх дэлхийгээ сэргээх хүүхэд, залуусын манлайлал” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээн ярилаа.

 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Японы Хүүхдийг Ивээх Сангийн Шинэ бизнес хөгжил, институцийн түншлэл хариуцсан менежер бөгөөд Монгол дахь хөтөлбөрийн захирал Мицүаки Тоёода, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн захирал Мёнхва Ванг, Хүмүүнлэг болон уур амьсгалын хөтөлбөрийн менежер Юн Шин, хөтөлбөрийн менежер Юри Хан, Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөх Абинаш Лахкар нар хүрэлцэн ирж, оролцох юм.