COP17 Mongolia: “Газрыг нөхөн сэргээхэд хүүхэд, залуусын манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. 2026 оны 8 дугаар сарын 26-нд “Газрыг нөхөн сэргээхэд хүүхэд, залуусын манлайлал” сэдэвт тусгай хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг Дэлхийн Зөн олон улсын байгууллага санаачлан Хүүхдийг Ивээх Сан, People in Need – PIN Mongolia, Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн, Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл / NEYC of Mongolia хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр хүүхэд, залуучуудыг газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит шийдэлд идэвхтэй оролцогч, манлайлагч болох боломжийн талаар хэлэлцсэн юм.
 
БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрийн менежер, Олон улсын эксперт Хан Юри энэхүү зэрэгцээ арга хэмжээнд панелистаар оролцож ойжуулалт, байгаль орчны боловсрол, эко клубүүдээр дамжуулан хүүхэд, залуучуудын уур амьсгалын үйл ажиллагааг дэмжих, тэднийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, түүний нөлөөллийг даван туулахад оролцуулах арга туршлагын талаар хуваалцлаа. Түүнчлэн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг Вьетнам, Камбож, Монгол Улсад хэрэгжүүлсэн олон улсын туршлагаас танилцууллаа.
 
Хүүхдийг Ивээх Сангийн хамтран ажилладаг Герман-Монголын хамтарсан ашигт малтмал технологийн сургуулийн оюутан У.Айсулу хэлэлцүүлэгт панелистаар оролцож, “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл нь Налайх дүүргийн хүүхэд, залуусыг оролцуулж, тэднийг байгаль орчны асуудлыг зөвхөн яриад орхих биш, уур амьсгалын боловсролыг системтэйгээр олгож, өөрсдийн гараар мод тарих, цаашлаад сургуулиа ногоон болгох, өөрсдийн жижиг төслүүдээ хэрэгжүүлэх боломжийг олгож, бодит өөрчлөлт хийж байна. Ингэснээр хүүхэд, залууст “Би юу хийж чадах вэ?” гэсэн хандлага бий болж байгаа нь хамгийн том нөлөө юм. Налайхын туршлагаас харахад хүүхэд, залууст мэдлэг олгохоос гадна бодит үйлдэл хийх боломж, итгэл, дэмжлэг өгөх нь хамгийн чухал бөгөөд эко клубийг тухайн орон нутгийнх нь асуудалд тохируулан хөгжүүлж, сургууль–орон нутаг–иргэд–байгууллагын түншлэлээр улс даяар өргөжүүлж болно гэж бодож байна” хэмээн хэллээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, төрийн байгууллага, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, судлаачид болон хүүхэд, залуусын төлөөлөл оролцож, газрын нөхөн сэргээлт, байгаль орчны боловсрол, хүүхдийн оролцооны талаар туршлага хуваалцаж, санал солилцов.