“Олуулаа ойн төгөл бүтээцгээе” : Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ
Хүүхдийг Ивээх Сан 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нийслэлийн Налайх дүүрэгт “Олуулаа ойн төгөл бүтээцгээе” уур амьсгалын кампанит ажил болон Open Mic үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь Налайх дүүргийн хүүхэд, залуус, иргэдийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэд, залуусын дуу хоолой, оролцоог олон нийтэд хүргэж, байгальд ээлтэй зан үйл болон бодит үйлдлийг дэмжих зорилготой байв.
Үйл ажиллагааг нээж Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л. Баян-Алтай, Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н. Мандуул нар үг хэлж, хүүхэд, залуусын байгаль орчны төлөөх оролцооны ач холбогдлыг онцоллоо.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн бүр үйлдэл хийхэд хүүхдүүдийн дуу хоолойг хүргэхэд оршиж байна. Мөн манай төслийн хүрээнд хамтран ажилладаг эко клубүүдийн хийсэн ажлыг олон нийтэд танилцуулахыг зорьсон. Open Mic хэлбэрийг сонгосноор хүүхдүүд өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо нээлттэй илэрхийлэх боломж олгож байна. “Олуулаа ойн төгөл бүтээцгээе” уриалгад хүүхдүүд олноороо нэгдэж байгаад баяртай байна. Хүүхдүүдийг ногоон орчин бүтээх үйл ажиллагаанд оролцуулж, дуу хоолойгоо илэрхийлэх боломж олгосноор ирээдүйд байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай иргэд болно гэдэгт найдаж байна” гэлээ.

Харин Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул “Хүүхдийг Ивээх Сан “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд хүүхдүүдээр дамжуулан мод тарих ажлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ төслийн хамгийн гол онцлог нь модыг тариад орхих биш, эдгээр хүүхдүүдэд сургалт явуулж модыг яаж арчилж, тарьж ургуулдаг гэдэг инкубатор сургалтын төвийг нь байгуулаад дадлагын баазыг нь бүтээгээд явж байгаа нь энэ төрлийн төслийг цаашид ингэж л хийвэл хамгийн үр дүнтэй гэдгийг харуулж байгаа. Би энд өртөөнүүдээр аялж үзлээ. Ялангуяа хүүхдүүдэд ногоон орчин бүтээх сэдэл өгөх үйл ажиллагаанууд зохион байгуулж байгаад баяртай байна. “Олуулаа ойн төгөл бүтээцгээе” уриалгад ийм олон хүүхэд нэгдэж байгаад үнэхээр баярлаж байна” Гэж хэллээ.
Уур амьсгалын эсрэг кампанит ажилд Хүүхдийг Ивээх Сангийн хамтран ажилладаг ерөнхий боловсролын 5 сургууль болон Политехникийн коллеж хамтран оролцож, уур амьсгалын өөрчлөлт, ой мод, цөлжилт, хогийг зөв ялгах талаар мэдлэг мэдээлэл өгөх 6 интерактив өртөөг ажиллууллаа.
Нийслэлийн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн эко клуб “Цөлжилт” сэдвээр бүтээл хийж, өртөөнд зочилсон хүүхэд, залууст цөлжилтийн шалтгаан, үр дагавар болон түүнээс сэргийлэх тухай сонирхолтой мэдээлэл хүргэв.
Эрдмийн Оргил сургуулийн эко клуб “Байгаль орчноо хамгаалах амлалтын мод” бүтээж, оролцогчдоор байгалиа хамгаалах амлалт бичүүлж байлаа.
Политехникийн коллежийн эко клуб хог хаягдлыг зөв ангилж ялгах хөгжөөнт тоглоом зохион байгуулж, хүүхдүүдийн мэдлэгийг бататгав.
103 дугаар сургуулийн эко клуб мод, ойтой холбоотой сонирхолтой мэдээлэл бүхий бүтээл хийж, хүүхдүүдэд танилцууллаа.
119 дүгээр сургуулийн эко клуб оролцогчдоор хөгжилтэй зураг зуруулж, карт сугалан асуултад хариулах байдлаар мэдлэг олгосон юм.
Харин Голомт сургуулийн эко клуб, Ой мод, байгаль орчны талаар мэдээллийг бүтээлч байдлаар хүргэж, оролцогчдыг идэвхтэй оролцууллаа.

Сурагч Г. Даваадондүв өртөөнүүдээр аялсан тухай сэтгэгдлээ хуваалцаж, “Налайхад ийм ажиллагаа нэг их болдоггүй болохоор үнэхээр гоё байна. Олон өртөөгөөр аяллаа. Би бас өнөөдөр дуу дуулах гэж байгаа. Цаг агаар ч яг л ийм байгаасай гэсэн мэт гоё байна. Бүгдээрээ модоо тарьцгаая” хэмээн уриалсан юм.
Мөн сурагч н.Есүгэн “Өртөөнүүдээр аялахад Монголын газрын зургийг танилцуулсан хэсэг, ойн тухай мэдээлэл өгсөн өртөөнүүд надад их таалагдлаа. Олон зүйл мэдэж авлаа. Бас хог ялгуулдаг уралдаан гоё байсан. Би стикерүүд цуглуулаад бэлэг авсан” гэв.


Уур амьсгалын кампанит ажлын хэсэг болох Open Mic-д хүүхдүүд идэвхтэй оролцож, дуу хөгжмөөр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, бусдыгаа байгаль орчноо хамгаалах, мод тарихад уриаллаа.
Мөн үйл ажиллагааны үеэр, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул нар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д үе тэнгийнхнээ төлөөлөн оролцож, дуу хоолойгоо хүргэсэн хүүхэд залууст баяр хүргэн сертификат гардууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд олон хүүхэд, залуус ирж оролцож, шинэ мэдлэг мэдээллийг үе тэнгийнхнээсээ сонирхолтой байдлаар авч, дуу дуулж хөгжилдсөн, хүн бүрийг оролцуулснаараа оролцоог хангасан, үр дүнтэй үйл ажиллагаа болж байгааг онцолж байлаа.
Хэдийгээр бороо орж, цаг агаар сэрүүн байсан ч 300 орчим хүүхэд, залуус, иргэд “Олуулаа ойн төгөл бүтээцгээе” уур амьсгалын кампанит ажилд идэвхтэй оролцлоо. Оролцогчдод халуун аарцаар үйлчилж, өртөөнүүдээр зочилсон хүүхдүүддээ гарын бэлэг өгсөн юм. Хүүхдүүдэд өгөх гарын бэлгийг “Гэрэлт Таван Эрдэнэ” ХХК ивээн тэтгэж, тэмдэглэлийн дэвтэр, дэвтрийн хавтас нийлүүллээ.
Энэхүү үйл ажиллагаанд нийтдээ 6 сургуулийн эко клуб, 300 орчим хүүхэд, залуус, олон нийт оролцсон бөгөөд 246 хүн өртөөнүүдээр зочилсон байна.

