“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн хүрээнд кейс хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байна

Хүүхдийг Ивээх Сан нь Хонгконгийн Хүүхдийг Ивээх Сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл 2026–2028 онд Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргийн зорилтот 5 сургууль, 5 хороодтой хамтран хэрэгжиж байна. Төслийн хүрээнд хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон хамгааллын эрсдэлтэй нөхцөл байдлыг эрт илрүүлэх, шаардлагатай хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай, чанартай хүргэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 39, 61 дүгээр сургууль, 10, 21 дүгээр хороо, Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор сургууль, 32 дугаар хороо; Баянзүрх дүүргийн 53, 79 дүгээр сургууль, 16, 17 дугаар хороодын хамтарсан багийн болон сургуулийн нийгмийн ажилтан, сургуулийн сэтгэл зүйчдийг оролцуулсан “Кейс хэлэлцүүлэг” арга хэмжээг улирал тутам зохион байгуулж байна.

 

Кейс хэлэлцүүлгийн үеэр сургуулийн орчинд илэрсэн бодит кейсүүдийг хэлэлцэж, хүүхдийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад үндэслэн цаашид авах арга хэмжээ, үйлчилгээний төлөвлөгөөг тодорхойлж, хүүхэд хамгааллын кейс менежментийн үйлчилгээг сайжруулах, шуурхай тусламж, дэмжлэгийг цаг алдалгүй хүргэх, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, мэргэжлийн туршлага солилцох боломж бүрдүүлж байгаа юм.

Хэлэлцүүлэгт зорилтот дүүргүүдийн Боловсролын хэлтэс болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын мэргэжилтнүүд хамтран оролцож, хүндрэлтэй кейсүүд дээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Ийнхүү кейс бүрийг олон талын оролцоотойгоор хэлэлцэн шийдвэрлэх замаар хүүхдэд үзүүлэх хамгааллын үйлчилгээний чанар, шуурхай байдал, уялдаа холбоог сайжруулахад анхаарч байна.

Кейс хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулагдсанаар сургууль, хороо, хамтарсан баг болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, эрсдэлтэй нөхцөл байдлыг эрт илрүүлэх, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах тогтолцоог сургуулийн түвшинд бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

 

Тус төсөл нь зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй Говь-Алтай аймгийн 4 сургууль, 4 хамтарсан баг, Ховд аймгийн 4 сургууль, 4 хамтарсан баг, Баян-Өлгий аймгийн 5 сургууль, 5 хамтарсан багт хэрэгжиж байна. Эдгээр зорилтот орон нутагт мөн кейс хэлэлцүүлгийг зохион байгуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мэргэжлийн байгууллага, хамтарсан багуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл нь хүүхэд бүр аюулгүй, эрх нь хүндлэгдсэн, хөгжлийг нь дэмжсэн орчинд сурч боловсрох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ сургуулийн түвшинд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байна. Төслийн хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээрх олон талт хамтын ажиллагааг цаашид тогтмол дэмжин ажиллана.