Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар 2026 оны 10 дугаар сарын 9-нд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.  Уулзалтын үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөөгч Л.Баян-Алтай байгууллагынхаа үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулав. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд байгууллагынхаа түүхийг танилцуулж, ажилчдынхаа нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

 

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Хүүхдийг Ивээх Сан хүүхдийн эрх, хамгаалал, хөгжил, оролцооны чиглэлээр бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулахад хамтран ажиллах, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд жил бүр дүгнэлт хийж, арга зүйгээр дэмжин хамтран ажиллах, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, чиглэлээр соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, ажилтан албан хаагчид, багш нар, эцэг эх асран хамгаалагчдыг хүүхдийн эрх хамгаалал, хүүхэд хүмүүжлийн эерэг арга зэрэг олон талт арга зүйг хэрэгжүүлэн ажиллах зэрэг олон талаар хамтран ажиллахаар боллоо.

 

УБТЗ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг тээврийн тэргүүлэгч байгууллага юм. УБТЗ ХНН-ийг ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд хувь тэнцүү эзэмшдэг бөгөөд Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний 90 гаруй хувь нь УБТЗ-ын эзэмшилд байдаг. Мөн өөрийн зүтгүүр, вагоны парк, засвар үйлчилгээний төвүүдтэй. УБТЗ нь Монгол Улсын импорт, экспортын ачаа тээврийн 70 гаруй хувийг зөвхөн дангаараа гүйцэтгэдэг, дэлхийн томоохон зах зээл болох Ази, Европыг холбосон төмөр замын хамгийн дөт гүүр гэдгээрээ давуу талтай.

Хүүхдийг Ивээх Сан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой ажилладаг. Өнөөдөр Хүүхдийг Ивээх Сан хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, боловсрол, хүүхдийн ядуурал, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.