Салбар комиссын гишүүдийг чадавхжуулах сургалтууд зохион байгууллаа
“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийн чадавхыг нэмэгдүүлж, салбар комиссын үүрэг, хариуцлагын талаар бүрэн ойлголттой болох, үр дүнтэй хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн салбар комиссын гишүүдэд зориулсан сургалтыг доорх хугацаанд зохион байгууллаа.

Сургалтыг төслийн зөвлөх баг болох хүүхдийн эмч, клиникийн профессор Г.Соёлгэрэл, Р.Галбадрах нар удирдан явуулсан бөгөөд 2026 онд шинэчлэн баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрмийн агуулгыг тайлбарлан таниулах, ДЭМБ-ын боловсруулсан хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг үнэлэх WHO-DAS 2 хэрэгслийг салбар комиссын түвшинд хэрхэн ашиглах талаарх аргачлалыг заав.

Түүнчлэн сургалтын үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын багтай хамтран аймаг, дүүргийн зорилтот Өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдэд ажлын байран дээр зөвлөн туслах болон хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үйлчилгээг үзүүлж, хүүхэд хамгааллын бодлоготой эсэх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагаанууд болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн кейс гарсан тохиолдолд хамтарсан багтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар санал солилцож, зөвлөгөө өгч, зарим гарын авлагуудыг өгч ажиллав.

Түүнчлэн Салбар комиссын сургалтын эцэст Хүүхдийг Ивээх Сангийн гишүүн орнуудын чуулганаар 2026 оны 4 дүгээр сард шинэчлэн баталсан “Дэлхий нийтийн аюулгүй байдлын протокол”-ын танилцуулга-мэдээллийг хийлээ.

